Экспортын сувгийг тэлэх төмөр замууд

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА 

Өмнөд хөрштэйгээ төмөр замаар хил нэвтэрдэг Замын-Үүд гэх ганцхан боомттой манай улсын хувьд энэ жил төмөр замын нэвтрэлт гурав болж тэлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээр урагшаа хил нэвтрэх хоёр дахь төмөр зам бүхий шугам нээгдэх бол Зүүнбаянгаас Хангийн чиглэлд төмөр зам тавьж, Мандалтай холбосноор экспортын гурав дахь гарц бий болно. 1956 оны тэртээ Замын Үүдийн боомтоор өмнөд хөршийг чиглэсэн анхны галт тэрэг явж эхэлжээ. Тэгвэл 66 жилийн дараа энэ оны долдугаар сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Хангиар төмөр замын тээвэрлэлт хийгдэх юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам уртаас урт ээдрээт түүх, цаг хугацааг туулан байж төгсгөлийн шатандаа орлоо. Харин Зүүнбаян-Ханги дээр асар богино хугацаанд шийдвэр гарч, түүнээс ч бага хугацаанд барьж байгуулах нь. Бүтээн байгуулалтын хугацаа, өртөг зардал аль аль нь багасаж буй нь дэвшил юм. Дэд бүтцээ яаралтай байгуулж, байж болох хямд өртгөөр хүн, байгальд халгүй цэвэрхэн тээвэрлэлт хийх боломжийг нээнэ гэдгээрээ төмөр замын төслүүдийн ач холбогдол үнэ цэнтэй. 

Дурдсан хоёр төмөр замын хувьд Хятадын зах зээлд Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын сувгийг тэлэх ач холбогдолтой маршрут. Манай улсын эдийн засгийн ирээдүйд нэн чухал стратегийн чиглэлүүд юм. Тавантолгой-Гашуунсухайтын гол замын ашиглалтыг долдугаар сард хүлээлгэж өгнө. Тээвэр эхлэх бүрэн боломжтой гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал мэдэгдсэн. Манай улс өргөн царигаар, Хятад улс нарийн царигаар нэвтрэх хилийн солбицлын цэгийг тогтсон. Хоёр талдаа терминал барихаар шийдэгдсэн. Өдгөө терминалуудыг хэрхэн зохион байгуулах, ямар хөрөнгө оруулалтаар, яаж хийх талаар хэлэлцээр ид явж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тухайд Хятадын Мандал боомтоор дамжин Бугатын гангийн үйлдвэрлэлийн бүс нутагтай холбогдоно. Бугат хот нь ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв. Нөгөө талаар Хятад улсын хойд болон баруун хойдод холбогддог, эх газрын төмөр замын чухал зангилаа газрын нэг юм. Тэр ч утгаараа Монголын уул уурхайн түүхий эдийн гол зах зээл. Хамгийн өрсөлдөхүйц, давамгайлах боломжтой зорилтот бүс нутаг билээ. Энэ зүгт уул уурхайн бүтээгдэхүүнээ шууд тээвэрлэх нь илүү дөт, илүү ашигтай гэсэн санаа цөөнгүй жил яригдсан юм. Эндээс уг төмөр замын хамгийн том ач холбогдол тодорно.

Mining Insight гуравдугаар сарын дугаартаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг онцлохын зэрэгцээ концесс хэрэгжүүлэгч компанийн Ерөнхий захирал Б.Баяржаргалын байр суурийг хамтатган нийтэллээ. Уг төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл бүхий концессоор эзэмшигч нь “Болдтөмөр Ерөө гол” компанийн охин компаниуд болох “Монголиан Транс Лайн”, “Монголиан Транс Ложистик” юм. Энэ баг 2009 онд Сэлэнгэ аймгийн нутагт 115 км Баянгол төмөр замыг дагалдах байгууламжуудын хамт 2 жилийн дотор барьсан. Монгол Улсын хувьд анх удаа хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын суурь бүтэц юм. Түүнчлэн Баянголын уурхайгаас төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэх логистикийг хариуцдаг, салбартаа туршлага хуримтлуулсан аж ахуйн нэгжүүд. Концесс хэрэгжүүлэгчид Зүүнбаян-Хангийн төмөр замыг өөрсдийн хөрөнгө, банкны зээлээр 6 сарын дотор байгуулах амлалт өгсөн бөгөөд 20 жилийн дараа төрд шилжүүлэх нөхцөлтэй. Өнөө жилээс ийнхүү нээгдэж эхлэх төмөр замуудын экспортын боломж зөвхөн Гашуунсухайт, Хангиар хязгаарлагдахгүй. Төмөр замгүй Тавантолгойгоор жишээ авахад л үндсэндээ 3 чиглэлээр нүүрсээ зөөх сувагтай болно гэсэн үг. Тэрхүү гурав дахь чиглэл нь Тавантолгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замаар Замын-Үүд боомттой холбогдох төсөл юм. 2019 оноос эхэлсэн “Шинэ төмөр зам” төслийн төмөр замуудаас хамгийн эхний ээлжинд ашиглалтад орох нь.

Дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр 2 жилд тавигдсан уг төмөр замын бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж, энэ сараас зүгшрүүлэх тээврийг эхлүүлсэн. Эн тэргүүнд нь “Оюутолгой”-н 3200 тонн зэсийн баяжмал төмөр зам дээр гарч, Замын-Үүд боомтод очоод байна. Ийнхүү төмөр замын дэд бүтэц, тээвэр логистик, боомтын нэвтрэлт гээд Монголын уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлаж ирсэн хүчин зүйлсэд эхний дэвшлүүд гарч, потенциал нэмэгдэх алхмууд хийгдэж буйг Mining Insight шинэ дугаартаа онцолж байна.

Сүүлийн жилүүдэд байгаль орчин (Environmental), нийгмийн (Social) болоод засаглалын (Governance) ESG шалгуур үзүүлэлт анхаарлын төвд зүй ёсоор орж ирэв. ESG тайлагнал ямар ч бизнесийн хувьд салшгүй хэсэг нь болж, байгаль орчны асуудалд хандах хандлага, нийгмийн хариуцлага, засаглалын хүчин чадлыг илтгэдэг чухал шалгуур болж эхэллээ. Тэр тусмаа уул уурхайн компаниуд санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татахаас гадна үйл ажиллагаандаа нийгмийн зөвшөөрөл авах нь ESG-ийн хэмжүүрийг бий болгож, түүнийг тууштай хадгалж явахаас хамаарахаар болж буй тул тэргүүн зэрэгт тавигдаж байна. Энэ талаар шинэ дугаараас дэлгэрүүлэн уншина уу.