2022 онд дэлхийн зах зээл дээр ураны үнэ нэмэгдсэнтэй холбоотой “Казатомпром” компанийн бүтэн жилийн орлого 115 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч ураны хамгийн том үйлдвэрлэгч Казахстаны төрийн компани 2023 оны олборлолтын урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.
Энэ онд “Казатомпром” компани 20 500-21 500 тонн уран олборлох, 10 600-11 200 тонн уран үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн онд 11 373 тонн уран үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувь, 21 227 тонн уран олборлосон нь 2.7 хувиар тус тус буурсан аж. Тус компанийн үйлдвэрлэлийн үзүүлэлт буурч байгаа нь КОВИД-19 цар тахлаас болж ашиглалтад оруулах талбайн бүтээн байгуулалтын ажил хойшлоход нөлөөлжээ. Мөн ажилчдын цалингийн өсөлт, инфляцын дарамтаас үүдэлтэй материалын өртөг нэмэгдсэнтэй холбоотойг тайлбарласан байна. Гэсэн хэдий ч компанийн 2022 оны орлого 45 хувиар өсөж 2.2 тэрбум ам.долларт хүрч, 1 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ.
Казатомпром нь 2021 онд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 24 орчим хувийг эзэлж байсан. Тус компани охин, хамтарсан болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан 26 ордод олборлолт хийж байна.