Өнгөрсөн таван сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани 13 сая тонн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ болжээ.
Засгийн газрын 362 дугаар тогтоолоор (2022.10.26) “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж эхэлсэн юм. Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолт 4.4 сая тонн, борлуулалтын орлогыг 421 сая ам.доллароор тус тус нэмэгдүүлжээ.
2019 онд тус компани 1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь ЭТТ-н түүхэн дэх дээд амжилтад тооцогдож байна.
Монголын хөрөнгийн биржийн цахим арилжаагаар нүүрсийг хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. Мөн өнгөрсөн онд ЭТТ хоёр дахин их буюу 13.5 сая тонн нүүрс экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.
Энэ онд 14.1 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүгээр тооцвол жилийн эцэст 24–30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй.
ЭТТ нь 7 удаагийн цахим арилжаа зохион байгуулж 416 мянган нүүрс арилжаалжээ. Үүнээс 224 мянган тонн нь коксжих нүүрс юм. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр коксжих нүүрсийг 100–115.89 ам.доллар/тонн үнээр борлуулж байсан бол цахим арилжааны хил нөхцөлөөр 178.6–182.1 ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Тэгвэл гуравдугаар сарын 24, 31-ны цахим арилжаагаар нийт 192 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав. 2020 онд эрчим хүчний нүүрсийг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор худалдаж байсан бол одоо хил нөхцөлөөр 70.3–73.3 ам.доллароор арилжаалж байна.
Гуравдугаар сард ЭТТ-н нүүрсний олборлолтын хэмжээ 100 сая тоннд хүрчээ.
Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” компани