Гүний уурхайн нээлт, эхний хүдэр

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn

Оюутолгой төслийн дараагийн хуудсыг эргүүлсэн гүний уурхайн олборлолтын нээлт 2023 оны гуравдугаар сарын 13-нд тохиов. Энэ бол Оюутолгойн түүхэн дэх хамгийн тэмдэглэлт өдрүүдийн нэг юм.

Оюутолгойн нийт нөөцийн 80 хувийг агуулсан гүний уурхай цаг хугацааг туулан урагшилсаар олборлолтоо эхэлж, эхний хүдрээ гарган авлаа. Нөгөө талаар манай улсын түүхэнд газрын гадаргаас 1300 метрийн гүнд байгуулсан хамгийн том гүний уурхай ашиглалтад орж байна. Манай улс төдийгүй дэлхийд ховорт тооцогдох газрын гүн дэх нүсэр байгууламж, томоохон гүний уурхайнуудын нэг юм. Бас мэргэшсэн цөөхөн компанийн хэрэгжүүлдэг блокчлон олборлох технологи, аргачлалыг Монголын уул уурхайд анхлан нэвтрүүлсэн үйл явц байлаа. Ил уурхайгаар эхэлж, баяжуулах үйлдвэрээр тэлсэн Оюутолгойн цогц төсөл нь гүний уурхай ашиглалтад орсноор ийнхүү бүтээн байгуулалтаас тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжиж байна. Энэ бол дараагийн 100 жилийн гарааг эхлүүлж буй түүхэн мөч юм.

Тийм ч учраас таны өмнө дэлгэсэн Mining Insight-ийн шинэ дугаарын хавтсанд гүний уурхайн олборлолтын нээлтийн зураглалыг үлдээлээ. Энэхүү онцгой мөчийн үйл явдлын сурвалжлага, онцлох эрхмүүдийн байр суурьтай зэрэгцүүлэн Оюутолгой төслийн туулсан түүхийг эргэн сануулахаар он цагийн товчооныг нийтлэв. Хальтхан харвал он дарааллын жагсаалт, төслийн үе шатын ердийн танилцуулга мэт. Гэвч мөр бүрийн цаана үйл явдлууд өрнөсөн. Өрнөл бүр амархан биш адармаатай байсан. Төслийн шинэ үе, үйлдвэрлэлийн шинэ шат эхлэх бүрт ямар асуудал бэрхшээл тулгарч, хэрхэн шийдвэрлэж ирснийг харуулах түүх энд үлджээ.

Оюутолгой бол Монгол Улсын өнөөдрийн хэрэгжүүлж буй хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт. Бас улс даяараа анхаардаг, ярилцдаг, авч хэлэлцдэг түүхэн төсөл. Тэртээх 2000-аад оны эхэн үеэс улсаараа Оюутолгойг эхлүүлэх үү, үгүй юу гэж хэлэлцсэн, Оюутолгойн гэрээг байгуулах гэж талууд нь “үйлээ үзсэн”, байгуулснаас нь хойш Хөрөнгө оруулалтын гэрээтэй нь “ноцолдсон”, тэр бүрт нийгэм даяар халуун маргааны сэдэв болсоор ирсэн онцгой төсөл юм. Тиймээс ч өнөөдөр Оюутолгой гэх нэрийг мэдэхгүй, телевизийн дэлгэцнээ байнга үзэгддэг оюу ногоон өнгөт уурхайн талбайн дүрсийг танихгүй монгол хүн байхгүй болтлоо танигджээ. Монгол Улс ч гэсэн энэ хугацаанд улс орноо үр ашигтай, нэр төртэй төлөөлж чадах “Оюутолгой” гэх брэндтэй болжээ. Ийм компаниуд улсын сүр хүч юм.

Олборлолтын зардал бага, хүдрийн металлын агуулга өндөр гэдгээрээ ач холбогдол, үнэ цэн нь өндөр гүний уурхай олборлолт руу шилжиж, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны эхлэл тавигдаж буй нь Монголын эдийн засагт томоохон эерэг нөлөөлөлтэй. 2028-2036 он гэхэд Оюутолгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд энэхүү оргил үед жилд 500,000 тонн зэсийн баяжмал олборлох тооцоололтой. Ингэснээр ирээдүйн металл гэгдэж буй зэсийн экспорт огцом нэмэгдэж, ДНБ хоёр дахин тэлэх хүлээлттэй байгаа. Энэхүү чухал үйл явдлыг Mining Insight мэдээллийн архивтаа бататган хадгаллаа.

Mining Insight нь 2022 онд уул уурхайн салбарынхны хамгийн том арга хэмжээний индэр PDAC-ийг сурвалжилсны дараа Зохион байгуулах хороотой мэдээллийн түншлэл эхлүүлсэн билээ. Уг түншлэлийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган PDAC 2023-т оролцоод ирэв. 91 дэх удаагийн PDAC-аас С.БолдЭрдэнийн бэлтгэсэн сурвалжлага уул уурхайн салбарын цаашдын хандлагыг тодруулснаараа онцлог.

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг PDAC-ийн хэвлэл мэдээллийн түншээр Mining Insight 2024 онд үргэлжлүүлэн ажиллах болсноо уншигчдадаа дуулгая. Үүний зэрэгцээ Mining Insight сэтгүүл түншлэлийн хүрээгээ Европ руу тэлж, Raw Materials Summit-ийн мэдээллийн түншээр ажиллах урилга хүлээн авсандаа таатай байна.

EIT RawMaterials-аас зохион байгуулдаг Түүхий эдийн дээд хэмжээний уулзалт нь Европ дахь түүхий эдийн салбарын хамгийн чухал арга хэмжээний нэг юм. Түүхий эдийн стратегийн ач холбогдол улам бүр чухлаар тавигдаж эхэлсэн үе цагаас Бага хурлыг зохион байгуулах болжээ. Жилээс жилд хурлын ач холбогдол улам тодорч байна. Тав дахь удаагийн Raw Materials Summit-д Засгийн газрууд, аж үйлдвэр, судалгаа, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагын 800 гаруй лидер оролцохоор бүртгүүлжээ. Брусельд тавдугаар сарын 15-17- ны өдрүүдэд нээгдэх Бага хурлаар түүхий эдийн салбарын тулгамдсан асуудал, сорилтуудын талаар салбарын хамгийн нэр хүндтэй мэргэжилтнүүд танилцуулга хийнэ. Түншлэлийн хүрээнд Raw Materials Summit 2023-ын бүхий л мэдээ мэдээлэл Mining Insight сэтгүүл болон www.mininginsight.mnвэб сайт, сошиал платформуудаар дамжин монгол хэлээр олон нийтэд хүрэх юм.