Хөрөнгө оруулалтыг даллах нь

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА 

Уншигч та Mining Insight сэтгүүлийн тавдугаар сарын хавтасны зурагт анхаарлаа хандуулна уу. Монгол Улс газрын хэвлийгээ ямар түвшинд, хэр нарийвчлалтай судалж, ямар хайгуулын нээлтүүд хийснийг та харж байна. 1:200 000 масштабын геологийн зураглалаар Монгол Улсын газар нутаг 100 хувь бүрхэгдсэн бол 1:50 000 масштабын зургаар 43 хувь бүрхэгджээ. Нөгөө талаараа энэ нь нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувьд эрлийн ажил хийгдээгүйн илэрхийлэл юм. Олон улстай харьцуулбал маш тойм ерөнхий судлагдсаныг харуулах мэдээлэл. Энэхүү судлагдаагүй газар нутаг нь нэмэлт нээлт хийх бололцоог харуулж буй. Зураг дээр тэмдэглэгдсэн хайгуулын томоохон нээлтүүдийн дийлэнх нь 1:200 000-ны масштабаар торлосон үед нээгдсэн ордууд. Монгол Улсад өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд, илрэл мэдэгдэн судлагдаад байна.

Орд илрэлүүдийн ерөнхий зүй тогтлыг багагүй нарийвчлалтай гаргаж ирдэг 1:50 000 масштабын зургаар бүрэн бүрхчихвэл илүү олон, илүү том ордууд нээгдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс судалгааны өргөн боломжтой. Ашигт малтмал үргэлжлэн олдох магадлал өндөртэй, судлах хэрэгтэй гэсэн үг юм. Геологийн боломж нь улс орны хилээр хязгаарлагдахгүй. Зураг дээр мөн Монгол Улстай хил залгаа нээгдсэн томоохон ордуудын байршил, тархалтын зураглал харагдаж байна. Тэр тусмаа манай улсын өмнөд хилийн дагуу томоохон ордууд олноор нээгдсэн нь тэмдэглэгджээ. Энэ нь манай улсын судлагдаагүй, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай, дараагийн томоохон ордууд илрэх геологийн тогтоц, нөөц бололцоо өндөр гэдгийг нотлох бас нэг үзүүлэлт болно. Үүний зэрэгцээ геологи хайгуул нь технологийн дэвшил хамгийн хурдацтай нэвтэрдэг, ашиглагддаг салбар юм. Технологийн ачаар өчигдрийн боломжгүй бүхэн өнөөдөр бодит боломж болон хувирч байна. 20 жилийн өмнө судалсан газрыг өнөөдрийн технологиор судлахад илүү нарийвчилсан мэдээлэл авах боломжтой. Тэр ч утгаараа технологийн дэвшил судлагдаагүй төдийгүй судлагдсан газар орныг дахин шинээр авч үзэх, богино хугацаанд их хэмжээний геологийн мэдээлэл цуглуулах бололцоог нээсээр байна.

Дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар давлагаалж буйтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөн буй эрэлт хэрэгцээнээс хамаарч буй эрдэс бүтээгдэхүүнийг хайх, бодлогоор дэмжих хандлага улс орнуудад идэвхжиж, геологи хайгуулын салбарт өсөлт ажиглагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын идэвхийг сэргээх гол нөхцөл болж эхэллээ. Шинэ тутам нөхцөл байдалтай холбогдон Монгол Улс ч гэсэн геологи хайгуулын ажлыг идэвхжүүлэх бодлого барьж байна. Үүнд зарцуулах Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бололцоогоороо нэмэгдүүлж, өндөр технологийн түүхий эдийн чиглэлд байр суурьтай болохын тулд судалгаанд төвлөрсөн ажлуудыг эхлүүлээд байна. Эрдсийн орд нээгдэх магадлалдаа тулгуурлан, хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулж байна. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг эрсдэлд оруулахгүйн тулд, үр дүнгүй, хий хоосон ажил болгож өнгөрөөхгүйн тулд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлаад байна. Шинэ журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход бэлэн болсон бөгөөд журамд орсон зарим өөрчлөлтийг шинэ дугаартаа танилцуулав. Уг журмын англи хувилбартай энэ сарын дугаараас танилцаарай.

Хайгуулаас олборлох шатанд шилжих гэж буй ураны “Зөөвч-Овоо” төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Монгол Улсын Засгийн газар болон “Бадрах Энержи” компани яриа хэлэлцээрт орж байна. Энэ талаар Францын төрийн өмчит “Орано” группын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийн ярилцлага таны сонирхлыг татах болов уу. Мөн хөрөнгө оруулалтын орчин нөхцөлд ямар идэвхжил, итгэл найдвар бий болж буйг С.Болд-Эрдэнийн нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу. Зэрэгцүүлээд хөрөнгө оруулалттай холбогдох асуудлаар Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлага нийтлэгдлээ.