Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn
ariun@mininginsight.mn
Mining Insight сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаараа “Орон нутгийг “аргадсан” Орлогын татварын хуваарилалт” хэмээн гарчиглалаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлт орон нутгийн эдийн засагт багагүй өөрчлөлт авчирч байна. Үүний гол үндэс нь гарчигт агуулагдсан татварын зохицуулалттай холбоотой юм.
Дурдсан хуулийг дагаж Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын 40 хувь аймаг, нийслэлд үлдэх болсон. Эдийн засгийн энэ бодлого хэрэгжсээр нэгэн оныг үдээд байгаа. Хэдий нэг жил боловч орон нутагт үр нөлөө нь хэрхэн тусаж буйг “Орон нутгийг “аргадсан” Орлогын татварын хуваарилалт” нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.
Төвлөрсөн төсвийг тараан байршуулж, төсвийн эрх мэдлийг орон нутагт өгөхийг эрмэлзсэн дээрх бодлогын хамгийн эхний өөрчлөлт бол орон нутгийн идэвх санаачилга юм. Төсвөөс авах татаасаа хүлээн, зөвхөн зарцуулалтад хүч анхаарлаа төвлөрүүлдэг байсан орон нутаг уг зохицуулалтын нөлөөгөөр орлогоо бүрдүүлэхийн төлөө чармайх шаардлагатай тулгарсан. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын хувь заяа нь бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах гарц шийдэл эрэлхийлэхээс хамаарах болсон тул нэг жилийн дотор орон нутагт хандлагын багагүй өөрчлөлт гарч эхэлж буй нь чухал ахиц юм. Орон нутгийн зүгээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ бүхий л боломж нөхцөлөөрөө дэмжих, асуудалд түргэн шуурхай, уян хатан хандах зэргээр бодит дэвшлүүд гарч байна. Цаашлаад томоохон аж ахуйн нэгжүүдийг татах бодлого орон нутагт эрчимтэй явж байна. Үүний илрэл нь "МАК Евро цемент", ”Монцемент” зэрэг үндэсний томоохон компаниуд Дорноговь аймагт шилжин, татвар нь орон нутагт төвлөрч эхлээд байгаа. Эдийн засгийн энэ бодлогын үр нөлөөг уул уурхайн салбарт наалдуулж харвал холдож хүйтэрсэн уул уурхай ба орон нутгийн харилцаа орон нутгийн засаг захиргааны хувьд “гэсэж” эхэлж буй явдал. Цаашлаад хэдхэн жилийн өмнө орон нутгийн эрх мэдэлтнүүд уул уурхайг дэмжихгүй гэснээрээ “тодорч”, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээгээрээ уралддаг асан гажуудал засагдах тийшээ хэлбийж байна. Эн тэргүүнд аймаг, сумын удирдлагууд уул уурхайг учир утгагүйгээр нийтэд нь улдан эсэргүүцэхээсээ илүүтэй ялгаж салгаж харилцана. Хариуцлагатай, найдвартай компаниудтай л хамтарч ажиллана гэдгээ ил тод зарлаж эхэлж байгаа нь нааштай өөрчлөлт юм. Mining Insight-ийн гуравдугаар сарын дугаарт Дорноговь, Дундговь аймгийн Засаг дарга нар яг ийм байр сууриа илэрхийлсэн. Үүний нөгөө талд хариуцлагагүй компаниуд, эзэд хандлагаа өөрчлөхгүй бол салбарын ерөнхий нөөлөгт хоргодон ажиллах орон зай бодитоор хумигдаж байна.
Түүнчлэн дээр дурдсан хуулиудын өөрчлөлтийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад өөрчлөлт орсон билээ. Сангийн эх үүсвэрийг тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж, уул уурхайтай сумд илүү ихийг хүртэх боломж нээгдсэн юм. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд АМНАТийн 5 хувийг төвлөрүүлдэг байсныг 10 хувь болгож, аймгийн ОНХС-гаас сумдын ОНХС-д шилжүүлдэг суурь дүнг 30-аас 50 хувь болгож нэмэгдүүлсэн. Үр дүнд нь уул уурхайтай сумдын төсвийн орлого мэдэгдэхүйц хэмжээгээр өсөөд байна. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын ярилцлагаас эш татахад, тус аймгийн хувьд 2022 онд тусгай зөвшөөрөлгүй шахам Дэлгэрцогт сум АМНАТ-өөс ОНХС-гаар дамжуулан 30 гаруй сая төгрөг авсан бол хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй Баянжаргалан сумд 580 гаруй сая төгрөг хуваарилагджээ.
Дээрээс нь уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээний санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг тооцвол Баянжаргалан суманд 1 тэрбум төгрөг дөхсөн орлого хуваарилагдаж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутаг үр өгөөжийг илүү хүртэх бодлого ийнхүү орон нутагт тусгалаа олж байгаа нь сайшаалтай. Гэхдээ асуудлын нөгөө талд сумд гэнэтийн их орлогод бэлтгэлгүй тулгамдах явдал ч гарч буйг бодолцууштай. 2022 оны хувьд оновчгүй зарцуулалттай, зарцуулж барахгүй дараа жил рүүгээ шилжүүлсэн сумд цөөн бус гарчээ. Яг энэ чиглэлд Mining Insight дараагийн нийтлэлүүдээ бэлтгэж байна.
1 Сэтгэгдэл