PDAC ба өөрчлөлтийн хандлага

Ерөнхий эрлхэгч Н.АРИУНТУЯА

Уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд гарч буй чиг хандлага уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн бодлого, өгч буй ногоон амлалтуудтай холбоотой. Үүн дээр санаанд оромгүй шинэ хүчин зүйлс нэмэгдсээр байна. Тэр нь цар тахал болон Орос-Украины дайны үеийн дэлхий, шинэ маягийн хуваагдал юм. Үр дагаварт нь дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдсөөр. Үүнтэй уялдаатайгаар улс орнуудын түүхий эдийн стратеги, нийлүүлэлтийн сүлжээнд ч эрс, огцом гэхээр өөрчлөлтүүд гарч эхлэв. Дэлхийн амьдралд өөрчлөлт оруулсан, цаашдаа ч үр дагавар ихийг дагуулах эдгээр үйл явцын дундуур болсон уул уурхайнхны хамгийн том цугларалтаас энэхүү өөрчлөлтийн чиг хандлагыг тольдож болохоор байна.

Энэ нь зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Торонтод нээгдсэн Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada) юм. Ерөөс PDAC нь дэлхийн уул уурхайн салбарын хандах зүг, хөгжлийн загварыг тодорхойлдог гол талбар болсоор ирсэн билээ. Тэр ч утгаараа 90 дэх удаагийн хуралдаан хайгуул, олборлолтын салбарт гарч буй бодлогын шинэ хандлагад төвлөрөв. Хуралдаанаар ногоон шилжилт, цэвэр эрчим хүч, түүнтэй холбоотойгоор эрэлт нь өдөөгдөж буй түүхий эдүүд, байгальд ээлтэй олборлолтын шийдлүүдийг хөндөн ярилцлаа. Үүний сацуу улс орнуудын уул уурхайн бодлогын танилцуулга болж өнгөрлөө. Компаниудын хувьд хайгуул, олборлолтод нэвтрүүлж буй ногоон шийдэл, хүлэмжийн хийг бууруулахад оруулж буй хувь нэмрээ илүүтэй товойлгон зарлацгаав.

Харин улс орнуудын танилцуулгаас түүхий эдийн бүхий л түвшний хараат байдлаа бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэсэн хүчин чармайлтууд нь анхаарал татаж байна. Түүнчлэн уул уурхайн тэргүүлэгч улс орнуудын критикал минерал дээр төвлөрч буй алсын хараа, амбицийг тодорхой харж болохоор байна. Энэ чиглэлээр туйлын бодлоготой хөдөлж, хайгуулыг мөнгөөр зодон хийцгээж байна. Үүний илэрхийлэл нь хайгуулд зарцуулж буй итгэмээргүй том мөнгөн дүнгүүд юм. Нэг ёсондоо хэн илүү мөнгө зарснаараа ирээдүйн үйлдвэрлэлд нөлөөгөө тогтоохоор ихээхэн яарч байна. Хэдий Монголын уул уурхайнханд гайхуулах зүйл ховор байсан ч гэлээ 25 дахь жилдээ PDAC-ийг зорин очиж, улсынхаа уул уурхайн бодлогод орох өөрчлөлт, трэнд болж буй чухал металлын бизнес, төслүүдээ сурталчлав. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дэлхий нийтийн хэрэгцээ болж байгаа цэнэг хураагуур, цэвэр эрчим хүч, цахилгаан автомашины түүхий эдийн эрэлттэй хайгуулын үйл ажиллагааг уялдуулна” хэмээн дэлхийн хандлагаас хоцрохгүйг эрмэлзэж буйгаа ярьжээ. Ногоон шилжилтэд тэргүүлэх үүрэгтэй металл болох зэсийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв PDAC-ийн гол сэдэв болж хэлэлцэн байх үеэр Оюутолгой төслийн гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлсэн мэдээлэл зарлагдсан нь салбар дахь үйл явдал, хандлагын сонирхолтой давхцал гэлтэй. Энэ бүгдийн дэлгэрэнгүйг Mining Insight-ийн сэтгүүлч Э.Оджаргалын Торонтогоос бэлтгэсэн сурвалжлагаас уншаарай.

Шинэ залуу сэтгүүлийн редакцид маань дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, экспод оролцож, үйл явцыг дэргэдээс нь сурвалжлах боломж гарсан юм. Mining Insight-ийн хамт Монголын хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлсөн нийт 7 сэтгүүлч PDAC 2022- ыг сурвалжилсан. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ нь 2020 онд “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр эхлүүлж, эдийн засаг болон парламентын сэтгүүлчдийг хамруулсан билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид төгсгөлийн шатанд нь сэтгүүлчдийг хилийн чанад дахь уул уурхайн чиглэлийн гол хуралд оролцуулах, газар дээрээс нь сурвалжлага хийж, шуурхай цацах боломжоор хангах зорилго өвөрлөснөө амжилттай гүйцэтгэв. Сэтгүүлчид PDAC хуралдааныг сурвалжлахын хажуугаар Канадын уул уурхай, хэвлэл мэдээллийн зарим байгууллагатай танилцан, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, бие даасан судлаач шинжээчдийн олон талт байр суурийг сонсоод ирэв. Дашрамд Mining Insight cэтгүүл нь ирэх жилийн PDAC-ийн мэдээллийн түншээр ажиллах болсныг уншигчдадаа дуулгая. Уул уурхайн мэдээллийн илүү өргөн орон зайд хүрч ажиллах бидний зорилго ийнхүү тэлсээр байгаад баяртай байна.