Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn
ariun@mininginsight.mn
Сүүлийн жилүүдэд уул уурхайн төслийг эсэргүүцсэн орон нутгийн иргэдийн эсэргүүцэл хүрээгээ улам тэлж, эцэстээ геологи судалгааны ажлыг ч гацааж зогсооход хүрч буй жишээ Монголын эрдсийн салбарт цөөнгүй хуримтлагдаад байна.
Уул уурхайн төслүүд ийнхүү орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарах явдал бараг арваад жилийн улбаатай. 2015 онд анх хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох болж, орон нутгаас санал авахад аймгууд үгссэн мэт татгалзсан нь эхний том сануулга байв. Тэр үеэс хойш шинээр эхэлсэн төслийг тоолъё гэвэл хуруу дарам цөөн. Гайхуулаад байх зүйл биш бөгөөд төрөөс өгсөн тусгай зөвшөөрөлд эрдэж, нутгийн иргэдийн эрх ашиг, оролцоог үл ойшоож ирсний төлөөс нь өнөөгийн хавтгайрсан эсэргүүцэл, дэмжлэггүй байдал юм.
Гэхдээ үүнийг дахиад арваад жилээр уртасгаж даамжруулахгүйн тулд компанийн захирлууд хандлагаа өөрчилж, идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Энэ бол Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлөөс (ТНЗ) Mining Insight сэтгүүлтэй хамтран Булган аймгийн Бүрэгхангай, Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд суманд хийсэн судалгааны үр дүнд тулгуурласан дүгнэлт болно.
“Эрдэс баялгийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АМЕП 2 хөтөлбөрөөс эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд дурдсан судалгааг хийсэн. ТНЗ нь 2015 онд байгуулагдахаасаа л уул уурхайн салбарын засаглал, орон нутгийн харилцааны чиглэлд ажиллан, “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг тодорхой аймгуудад хэрэгжүүлж, тогтвортой хөгжил, засаглалын сайн туршлага, хэм хэмжээг нэвтрүүлэх, хэвшүүлэхийн тулд компаниудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байв. 2017 онд уул уурхайн компаниудад зориулсан анхны гарын авлагуудыг цувралаар гаргасан бол хамгийн сүүлд Mining Week-ээр “Уул уурхай ба орон нутгийн харилцаа” бага хурлыг АМГТГ болон МУУҮА-тай хамтран зохион байгуулж, гарц шийдлийг хөндөж байлаа. Цаашид ч үргэлжлүүлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байна. ТНЗ-ийн энэхүү санаачилга, оролцоог Mining Insight дэмжиж, түншлэн ажиллаж буйг уншигчдадаа дуулгая.
Харин геологи, уул уурхайн үйл ажиллагааны цар хүрээ, гарааны нөхцөлийн хувьд ихээхэн ялгаатай 3 суманд орон нутгийн харилцааны туршилтын төсөл хэрэгжүүлэх боломжийг АМЕП хөтөлбөрөөс олгосон нь нэн чухал туршлага болж үлдэж байна.
Уул уурхайн төслүүд нийгмийн зөвшөөрөлгүй байгаад нийт салбарын муу муухай нөлөөлөхийн сацуу тухайн орон нутагт уул уурхайн компани хэрхэн ажиллаж буйгаас хамааран эерэг болон сөрөг хандлага тогтож байна. Компаниас шалтгаалах зүйл их тул захирлууд нь өөрчлөлт хийх хэрэгтэй гэсний учир энэ юм. Бодлого гарган, мэргэжилтнээ бэлтгэх, шинэ менежментээр ажиллах, тэр нь жаахан дэвшилтэй, нутаг орныхонд ялгаварлахгүй шударга хандаж буй нь мэдрэгддэг байх хэрэгтэй байна.
Судалгааны багаас орон нутгийн иргэдийн уул уурхайн компаниудад ханддаг нийтлэг хандлагыг гарчигны өгүүлбэрээр тодорхойлсон. “Нуугаад байдагт дургүй, мэдэхгүйдээ бухимддаг”. Энэ бол иргэдийн байр суурь, үзэл бодол төдийгүй эсэргүүцлийн суурь шалтгаан юм. Тодруулж хэлбэл, уул уурхайн компанийн зүгээс иргэд рүү чиглэсэн нээлттэй харилцаа, ойлголцол дутаж байна. Энэ нь хайгуулын компанид ч хамаатай. Сумын захиргааны хэдхэн албан хаагчтай хаалганы цаана ярилцаж, нөлөөллийн бүсийн гэх цөөн өрхийг нууцаар шахам бөөцийлж ирсэн арга барилаасаа салж чадахгүй, иргэдтэй нээлттэй харилцахаас зайлсхийдэг хэвээр байна. Ийм харилцаа компанидаа тухайн үед асуудлаа шийдээд байгаа мэт боловч том зургаараа нийт иргэдэд уул уурхайн салбарт үл итгэх, хардах сэдлийг өгч, нууцаар хийдэг, хуйвалддаг гэх ойлголтыг бат суулган, дэмжихгүй байх хөрсийг бэлдэж байна.
Тиймээс төслийн багийнхан уул уурхайн үйлдвэрлэлийн гол оролцогч тал орон нутгийн иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулж туршсан юм. Ингэхдээ иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан, шинжлэх ухааны хялбаршуулсан туршилтуудаар салбарын талаарх бодит ойлголт, мэдээллийг хүргэхийг зорьсон билээ. Өдөрлөгт Алтанширээ, Хулдынхан сэтгэл хангалуун үлдсэн ба дараагийнх нь удахгүй Бүрэгхангайд болно.
Хагас жил гэдэг орон нутгийн харилцаанд өөрчлөлт хийх боломжгүй богино хугацаа. Гэсэн ч тодорхой сумдын түвшинд иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн, Мэдээлэх, Зөвлөлдөх, Оролцуулах, Хамтарч ажиллахын бодит алхмыг туршин хэрэгжүүлснээрээ бидний хувьд үнэ цэнтэй туршлага боллоо. Орон нутагтайгаа сайн хөршийн харилцаатай байж, нийгмийн зөвшөөрөл авах, улмаар тогтвортой хадгалахыг эрмэлзэж буй компаниуд нэгдэж, орон нутагтаа ажиллаасай, тэгж зорьж буйд нь санаа сэдэл болоосой хэмээн Нээлттэй өдөрлөгийн сурвалжлагыг шинэ дугаартаа нийтэллээ.
Mining Insight нь дэлхий дахинаа болж буй уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хурал уулзалтыг тогтмол сурвалжлахыг эрмэлздэг. Энэ удаад Европ дахь уул уурхайн салбарын гол арга хэмжээтэй тогтоосон түншлэлийн хүрээнд Европын Түүхий эдийн чуулганд оролцоод ирлээ. 2018 оноос зохион байгуулагдаж буй RawMaterials хурлын ач холбогдол жилээс жилд улам өндөрсөж байна. Критикал минерал нь шинэ шинэ агуулгуудаар баяжин, геополитикийг өөрчлөн буй үед RawMaterials тавдугаар хуралдаанаа хийсэн бөгөөд эрдэс баялгийн салбарт гарч буй бодлогын шинэ хандлагад төвлөрсөн хурлын шинэ содон мэдээллийг О.Батболдын бэлтгэсэн Брюсселийн сурвалжлагаас уншаарай. Мөн Криткал минерал тойрсон гадаад, дотоод асуудлаарх тусгай секцээ өргөн барьж байна.