Монгол Улс дахь Австралийн худалдааны танхимын дарга ЖУЛИАН ЛАУРЭНС:
Манай байгууллага багагүй хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж байна. Монголд 6-10 жил ажилласан туршлагатай компаниудыг судалгаанд хамруулсан нь судалгааг илүү бодитой болгосон. Монгол Улсын гол сорилт, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт татахад бусад орнуудаас давуу талтайгаа таниулах. Аль ч улс гадаадын хөрөнгө оруулалт татахыг эрэлхийлдэг. Хөрөнгө оруулагч аль ч улсыг сонгох боломжтой гэсэн үг. Тиймээс Монголын давуу талаа сурталчлах, таниулах шаардлагатай. Үүний тулд олон төрлийн боломжуудыг бий болгох хэрэгтэй. Улсынхаа хэмжээнд нэг л мега төсөл хэрэгжүүлэх үү, эсвэл хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх үү. Уул уурхайн өөр өөр үе шатанд хөрөнгө оруулалт татах уу. Энэ бүгдийг тодорхойлох ёстой юм.
Орд нээх, бүтээн байгуулах, үйлдвэрлэл явуулах гэх мэт уул уурхайн үе шат бүрт хөрөнгө оруулах боломж нээлттэй гэдгээ сурталчилж болно. Хөрөнгө оруулалт гэдэг нь мөнгө санхүүжилтээс илүүтэй аль ч шатандаа үнэ цэн бий болгодог, ирээдүйдээ үр өгөөжөө өгдөг байх учиртай. Монгол Улсын хувьд уул уурхайн салбартаа бүх л үе шатанд, төрөл бүрийн түүхий эдийн үйлдвэрлэлд, технологийн болон ESG-ийн чиглэлээр ч хөрөнгө оруулалт татах боломж байна.