Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ 2022 оны аравдугаар сард ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Холбооны эдийн засаг, цаг уурын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундэстагийн гишүүн Др.Ф.Брантнер зургаадугаар сард Монгол Улсад айлчлал хийхээр товлогдсон. Энэхүү айлчлалыг угтан Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундэстагийн гишүүн Ф.Брантнертай Mining Insight-ийн О.Батболд Берлин хотод ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сард ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын дараа та ирэх сард Монголд айлчлах гэж байна. Айлчлалын үеэр хэлэлцэх гол асуудлууд болон айлчлалын хөтөлбөрийн талаар бидэнтэй хуваалцаач?
Хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засгийн ажлын хэсгийн ээлжилт уулзалтыг хийнэ. Үүгээрээ бид хоёр орны сайн хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Айлчлалын багт мөн Монголын зах зээлийн боломжийг сонирхож буй хувийн хэвшлийн төлөөлөгчид багтаж байгаа. Монголын компаниудтай хамтран ажиллах боломж, зах зээлд нэвтрэх, цаашилбал бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг эрэлхийлж буй компаниудын төлөөлөл багтана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс эрдэс баялаг, газрын ховор элементийн чиглэлд хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх талаар голлон хэлэлцсэн. Тэгвэл энэ хүрээнд талуудын хамтын ажиллагаа, хэлэлцсэн төсөл, судалгааны ажлуудын талаар мэдээлэл хүргэнэ үү?
Үүнд, мэдээж хэрэг академик болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг дурдаж болно. Яг одоо хэрэгжиж буй тодорхой төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид Монголын талтай ажиллаж байна. Бид Монголд очоод боломжуудыг харах болно. Монголын тал ямар байдлаар хамтрах сонирхолтой байгааг бид Германы компаниудадаа дамжуулан мэдээлэх болно.
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар түүхий эдийн салбар, үйлдвэрлэл болон тех - нологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2011 онд байгуулсан. Энэхүү түншлэлийн үр дүн, ач холбогдлыг Та хэрхэн дүгнэх вэ? Одоогийн шинэ нөхцөл байдалд яриа хэлэлцээрийг эрчимжүүлэхэд ямар боломж болон шийдлүүд байгаа гэж харж байна вэ?
Тэгэлгүй яахав, нөхцөл байдал одоо өөрчлөгдөөд байна.
Манай хоёр улсын Засгийн газрын агентлагууд болон академик түвшинд хамтын ажиллагааг эхлүүлэх нь хамгийн чухал алхам гэж би хардаг.
Гэсэн ч одоог хүртэл хамтын ажиллагааны чиглэл болон компаниуд хаашаа хөрөнгө оруулах нь тодорхой бус байгаа. Бид цаашид хөрөнгө оруулалтыг илүү эрчимжүүлэхийг зорьж байгаа.
Асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Герман Улс эрдэс баялаг, түүхий эдийн найдвартай, тогтвортой нийлүүлэлтийг хангахад ямар бодлого, стратеги хэрэгжүүлж байгаа вэ? Ялангуяа дижитал шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал болон дайн, хямрал мөргөлдөөн зэрэг гадаад хүчин зүйлсийн нөлөө их байна шүү дээ?
Бид түүхий эдийн салбарын олон улсын түншлэлээ төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн дотоодын боломждоо тулгуурлан тойргийн эдийн засаг, дахин боловсруулах зэрэг боломжуудыг үр дүнтэй ашиглах чиглэлд ажиллаж байна. Үндсэндээ бид 3 тулгуурт аргачлал хэрэгжүүлж байна. Энэ нь олон улсын түншлэлийн төрөлжүүлэлт, дотоодын олборлолт/үйлдвэрлэл, мөн тойргийн буюу илүү их дахин боловсруулалтыг хэлж байгаа юм.
Хоёр улсын эрдэс баялгийн салбарын хувийн хэвшлийн компаниудын харилцаанд ямар байдлаар дэмжлэг үзүүлж болох вэ? Цаашид ямар шинэ боломжууд шинээр бий болох боломжтой вэ? Нөхцөл байдал 2011 оныхоос хэр зэрэг ялгаатай байна вэ?
Бид компаниудыг аль нэг улсад үйл ажиллагаагаа явуул, эсвэл бүү явуул гэж тулган шаарддаггүй. Энэ үйл явцыг зөвхөн компаниуд өөрсдөө шийднэ. Хөрөнгө хүчээ хаана оруулах, ямар бизнес хийх нь тэдний өөрсдийн шийдэх асуудал. Яг одоогоор бид санхүүжилт авах нөхцөлийг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа. Үүний өмнө бид зээлийн тогтолцоог илүү сайжруулсан.
Түүхий эдийн сан байгуулж, дотоодод болон хилийн чанадад хэрэгжүүлэх эрдэс баялгийн төслүүдэд хөрөнгө оруулахад нь компаниудыг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.
Герман Улс бол Монголын чухал түнш. Монгол Улс нь БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрштэй. Тэгвэл Герман болон Европын Холбооны гишүүн орнууд зэрэг гуравдагч хөрш орнуудаасаа хөрөнгө оруулалт татахын тулд Монгол Улс юу хийх шаардлагатай гэж Та харж байна вэ?
Хуулийн хэрэгжилт, ил тод байдал чухал. Мөн ирээдүйд ногоон эрчим хүч чухал нөлөөтэй байх болно. Орон нутагтай сайн харилцаатай байж, хөдөлмөрийн хууль, дүрмүүдийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай юм.
Яг энэ чиглэлд Герман Улсын зүгээс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх үү? Учир нь GIZ болон BGR зэрэг Германы хөгжлийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын эрдэс баялгийн салбарт олон төслүүд амжилттай хэрэгжүүлж байсан. Энэ бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?
Бид эргэлзээгүй үргэлжлүүлнэ. Миний бодлоор эдгээр нь маш чухал юм.
Та өөрийн айлчлал болон Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлнэ үү?
Би Монгол Улсад айлчилж, монгол хүмүүстэй уулзаж, төслүүдтэй газар дээр нь танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн надтай хамт бизнесийн сайн төлөөллүүд очих гэж байгаад баяртай байна.
Цаг гаргасан ярилцсанд баярлалаа.