“QMC” компанийн Ерөнхий захирал М.ДАГВА:
Хөрөнгө оруулалт татахын тулд Монголын онцлогтой юу хийх ёстой вэ? Дараагийн 30 жилд хуулиа засварлаад байхгүй, тогтвортой байлгахын тулд яг тодорхой шийдэл хамгийн чухал байна. Манай улсын давуу тал гэвэл тодорхой эрдсийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой юм. ”Ногоон” хувьсгалын өрнөлөөр дэлхийн уул уурхайн салбарт шинэ, сонин мөчлөг тохиож байна.
Одоогоос 30 жилийн өмнө Хятад гэсэн маш том хэрэглэгч гарч ирж дэлхийн уул уурхайн салбарт том өөрчлөлт авчирч, үндэстэн дамнасан корпорацуудыг бий болоход түлхэц болсон. Яг үүний адил нэлээд том өөрчлөлтийн гараан дээр бид бүхэн зогсож байх шиг санагддаг. Ийм мөчлөг, өөрчлөлтийг олж харсан Австрали, Канад зэрэг улс орнууд хэрхэн давуу талаа бий болгох вэ гээд ажиллаж байна. Монголын хувьд ч гэсэн энэ мөчлөгийг алдмааргүй байна. 30 жилийн дараа уул уурхайгаа 24 тэрбум ам.долларын салбар болгоно гэдгийг шууд бусаар ч гэлээ “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо тодорхойлсон. Энэ зорилтод хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй.