Talon Energy компани нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэлийн туршилт эхлүүлнэ

Э.МИШЭЭЛ

Talon Energy компанийн "Гурвантэс XXXV" талбайд үйлдвэрлэлийн туршилт эхлүүлэх ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу 7 дугаар сарын дундуур туршилтын ажлыг эхлүүлэх боломжтой хэмээн тус компаниас мэдээлжээ.

Talon Energy болон ТМК Energy Нарийнсухайтын нүүрсний дээд давхаргын метан хийн туршилтын үйлдвэрлэлийг 6 сарын хугацаанд явуулахаар тооцож байна.

Эхэндээ ус их хэмжээгээр, метан хий бага хэмжээтэй гарах бөгөөд хэдэн сарын дараагаас үйлдвэрлэл тогтворжихоор байгаа аж. Туршилтын үйлдвэрлэл нь арилжааны үнэлгээг гаргахад туслах юм. 

Talon Energy туршилтын үйлдвэрлэлийг 3.15 сая ам.доллароор санхүүжүүлсэн. Харин нийт зардал 3.5 сая ам.доллар байна. Өмнөговь аймагт байрлах Гурвантэс XXXV талбай нь нүүрсний давхаргын дундаж агуулга бүхий метан хий өндөр илэрсэн. Таамаг нөөц 5.9 триллион хэмээн тогтоожээ. Оператор компани болох ТМК Energy Монголын Алт компанитай туршилтын шатнаас гарсан усыг хадгалах, ашиглах гэрээг өнгөрсөн 3 дугаар сард хийсэн юм.