Э.ОД
АНУ-ын Эрчим хүчний яамнаас чухал түүхий эдийн жагсаалтдаа анх удаа зэсийг албан ёсоор нэмжээ. Тус улс нь Европын Холбоо, Япон, Энэтхэг, Хятад, Канадын адил зэсийг чухал түүхий эдээр тооцож байна. Чухал түүхий эд буюу критикал минералаар эрчим хүчний шилжилтэд нэн чухал үүрэг гүйцэтгэх, түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээ тасрах өндөр эрсдэлтэй ашигт малтмалыг тодорхойлдог.
АНУ-ын Засгийн газраас эцэслэсэн чухал түүхий эдийн жагсаалтад хөнгөн цагаан, кобальт, зэс, диспрозиум, фтор, галли, иридий, литий, магни, байгалийн бал чулуу, неодим, цагаан алт, празеодим, терби, цахиур бүхий нийт 50 нэр төрлийн ашигт малтмал багтжээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний албаны туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Алехандро Морено "АНУ нь цэвэр эрчим хүчний шилжилтээ үргэлжлүүлж буй энэ үед бид эрчим хүчний салбарт шаардлагатай чухал түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг урьдчилан тооцоолох ёстой. Нарны хавтан, салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хадгалах, эцсийн хэрэглээний технологиудад анхаарах болно” хэмээн мэдэгджээ.
Гуравдугаар сард АНУ-ын Геологийн албанаас (USGS) тус улсын чухал түүхий эдийн жагсаалтад зэсийг оруулах шаардлагагүй гэж үзсэн бол Зэсийн хөгжлийн ассоциациас (CDA) уг металлыг нийлүүлэлтийн өндөр эрсдэлтэй тул жагсаалтад зайлшгүй оруулах санал дэвшүүлсэн. Рио Тинто, BHP, Freeport-McMoRan зэрэг хэд хэдэн томоохон зэс олборлогчид CDA-ийн гишүүн юм.