УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран анх удаа (2022.09.19-23)зохион байгуулсан “Уул уурхайн 7 хоног” (Mining week) арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлсэн юм.
Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг улам бүр нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ордын өгөөжийг иргэдэд тэгш хуваарилах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Эдгээр асуудалд УИХ-ын зүгээс анхаарал хандуулан ажиллах болно. Мөн УИХ-д өргөн барих уул уурхайн салбартай холбоотой, өөрчлөлт оруулах, шинэчлэх хуулиудын төсөлд онцгой анхаарч ажиллана. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 багц зорилтоос “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, Аж үйлдвэржилтийн сэргэлт” нь уул уурхайн цаашдын хөгжилд шууд хамааралтай юм. Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй, ил тод, гарц гаргалгаа, шийдвэр шийдэл эрэлхийлэх, шинэ техник технологи болон инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох асуудлыг төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн харилцаанд тулгуурлан хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.