УИХ-аас батлагдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрс, төмөр ба жоншны баяжмалыг биржээр арилжаалах, биржийн дэд бүтцийг итгэмжлэх, биржийг ажиллуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, Уул уурхайн зөвлөх инженер, доктор, профессор Д.Галсандоржтой Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Та Эрдэнэт үйлдвэрийн Лондон дахь төлөөлөгчийн газрын даргаар 1993-2000 онд ажиллаж байхдаа Лондоны металлын бирж, зэсийн ба молибдены баяжмалын арилжааны асуудлыг эрхэлж байсан туршлагаас тань ярилцлагаа эхэлье.
Миний хувьд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны хэлтсийн дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд Төлөвлөлт удирдлага, аж ахуйн механизмын газрын даргаар ажиллаж байгаад гадаад орнуудад улсаа төлөөлөн ажиллах томилолт авч, Чехословак болон Их Британи Улсад Монгол Улсаас суух ЭСЯнд Худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр 1989-1993 онд томилогдон ажилласан юм. 1992 онд Лондоны металлын биржийн хуралд оролцох үеэр Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах ажлыг хариуцан, төрд хамт ажиллаж байсан Ерөнхий захирал Ш.Отгонбилэгтэй уулзахад Эрдэнэт үйлдвэр Лондонд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар төлөвлөж, ЗСБНХУ-аас гадна барууны орнуудын зах зээлд зэсийн баяжмалаа үнэ хүргэж борлуулах, үйлдвэрийн боловсон хүчин бэлтгэх, уулын ба баяжуулах үйлдвэрийн шинэ техник технологи авах талаар ярьсан юм. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал дахь алт, мөнгө, ренум зэрэг металлын үнийг тооцдоггүй, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээс доогуур Оросын Уралын зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг байлаа. Миний бие Лондон дахь ЭСЯ-д ажиллах хугацаа дуусгавар болоход үргэлжлүүлээд Эрдэнэт үйлдвэрийн Лондон дахь төлөөлөгчийн газрын даргаар 8 жил ажилласан. Эрдэнэт үйлдвэр 1993 оноос Лондоны металлын биржийн загвар гэрээний дагуу зэсийн баяжмалаа Швейцар, Франц, Өмнөд Солонгос, АНУ-ын томоохон худалдан авагчдад борлуулдаг болсон юм. Өнгөт металлаар дагнан фьючер ба опционы гэрээний арилжаа хийдэг Лондоны металлын биржийн тогтоосон цэвэр зэсийн үнийг ашиглан Монгол зэсийн баяжмалын үнээ тогтоодог болсон хэрэг. Ингэж олон улсын биржээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийх арга техник, системтэй анх танилцаж, биржийн үр өгөөжийг мэдэрсэн.
Монголд Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломжийн талаар анхны судалгааг удирдаж, энэхүү хуулийн төслийг боловсруулах УУХҮЯ болон УИХ-ын Ажлын хэсэгт ажилласны хувьд биржийн ач холбогдлыг хэрхэн харж байна?
Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын худалдаа их хаалттай. Гадаадын худалдан авагч, үйлдвэрлэгч болон эцсийн хэрэглэгчид Монгол улсын төрийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүн шууд худалдан авах боломжгүй байна. Аль компанид хэдий хэмжээний бүтээгдэхүүн, ямар үнээр арилжаалж буй мэдээлэл ил тод бус. Харамсалтай нь уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагчдыг сонгох, тоо хэмжээг хуваарилах, гэрээний нөхцөлийг тохирох асуудалд манай төрийн өндөр тушаалын албан хаагчид, улстөрчид ихээхэн оролцоотой байдаг. Үнэндээ өнөөг хүртэл 30 жилийн хугацаанд ингэж явж ирлээ. Трейдэрүүд буюу дундын зуучлагчид уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд өнөөг хүртэл оролцож буйгаас манай улс экспортын худалдаанд нэмэлт орлого олох боломжоо алдсаар байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор экспортын худалдаа нээлттэй, ил тод, шударга, олон улсын зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах нөхцөл бүрдэнэ. Хаалттай бизнесийг “нэг цонхоор” маш олон үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд нээлттэй болгоно. Уул уурхайн бирж байгуулах хамгийн гол хэрэгцээ энэ. Төрийн өмчит компаниудын худалдаа, тээвэр логистикийн асуудал хариуцдаг орон тоо багасаж, гадаадад томилолтоор явах зардал хэмнэнэ. Зах зээлийн үнийн мэдээлэл биржийн арилжаанд оролцогчид хурдан шуурхай хүрнэ. Бирж дээр үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдан авагч аль аль тал үнээ санал болгоно. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг үндэслэн олон худалдан авагч наймаалцана гэсэн үг. Бирж гэдэг худалдан авагчдын төвлөрсөн зах зээл. Үйл ажиллагаа, арилжааны тодорхой дүрэм журамтай, бүтээгдэхүүний стандарттай. Бирж дээр зарлах үнэ ханш бол зах зээлийн бодит тооцоололд суурилсан, өрсөлдөхүйц үнэ юм. Тэгэхээр цаашид жишиг үнэ гэх ойлголт үгүй болох болов уу.
Ер нь манайд хэзээнээс уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудал яригдсан юм бэ? Хуулийн анхны төслийг Монголын Экспортлогчдын холбоо боловсруулсан гэдэг?
Арваад жилийн өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох нэг цонхны бодлого Засгийн газар дээр яригдсан. Энэ хүрээнд 2012 онд Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж, олон улсын биржүүдийн туршлага” судалгааны тендер зарлахад Экспортлогчдын холбооны баг шалгарсан. Олон улсын биржүүдийн үйл ажиллагаа, арилжааны туршлагыг судлах явцдаа манай баг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн анхны төслийг гаргасан юм. Хуулийн тэрхүү төслийг сайжруулан боловсруулж 2015 онд Уул уурхайн яамнаас Засгийн газрын хурлаар оруулсан ч дэмжигдээгүй. Ингээд 2021 оноос УУХҮЯ дээр биржийн хууль дахин яригдаж, Ажлын хэсгүүд хуулийн төслийг боловсруулахад 2 жил орчим ажиллалаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу биржийн үйл ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг явуулах онцлог зохицуулалтаас дурдвал?
Өнөөдөр Монгол Улсын эрдсийн бүтээгдэхүүний экспортын худалдаа 8 тэрбум гаруй ам.долларт эргэлдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг УУХҮЯ-ны саналаар жил бүр Засгийн газар батална. Эхний ээлжинд төрийн өмчит компаниудын экспортолж байгаа нүүрс, жонш, төмрийн хүдэр, төмрийн баяжмал, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүнийг арилжаална. Туршилтын журмаар энэ оны эхний 6 сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн жилд экспортлох нүүрсний 30 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар Засгийн газар шийдвэрлэж арилжаа хийх журмыг баталсан. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан худалдаалах нь нээлттэй. Зарим хувийн компаниуд биржээр анхнаас нь арилжаалах сонирхолтой байна. Биржээр уул уурхайн аливаа бүтээгдэхүүнийг Монгол, Хятад улсын хилийн боомтын үнээр арилжаална. Энэ үнэд уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох, тээвэрлэх зардлууд багтсан ханшийг бирж зарлана. Биржийн тээвэр зуучийн компаниуд, шинжилгээний лабориториуд, бүтээгдэхүүний агуулахуудыг итгэмжлэх ажлыг ойрын хугацаанд хийх хэрэгтэй.
Бирж төрийн өмчит байх уу, хувь оролцоотой юу?
Төрийн оролцоотой хуулийн этгээд байхаар хуульд заасан. Биржийн үйл ажиллагаа явуулах, арилжаа хийх 15 орчим дүрэм журам боловсруулж, батлах шаардлагатай байна. Энэ хүрээнд биржийн төрийн хувь оролцооны талаар Засгийн газар шийдвэр гаргах байх. Ер нь олон улсад зах зээл өндөр хөгжсөн барууны орнууд, тухайлбал Чикагогийн бирж, Лондоны металлын биржүүд 200 гаруй жилийн туршлагатай. Эдгээр нь ихэнхдээ хувьцаат компани буюу хувийн эзэмшилтэй. Харин Хятад, Орос, Узбек, Вьетнам гэх мэт зах зээл хөгжиж буй орнууд эхлээд 100 хувь төрийн өмчтэй байгуулж, биржийн арилжаа тогтворжоод ирэхээр 3-5 жилийн дараа төр ба хувийн хэвшлийн оролцоотой болгон ажиллуулдаг жишиг байна.
Биржийн удирдлагын бүтцийг хуулиар яаж зохицуулсан бэ?
Уул уурхайн бирж нь захиргаа, хүний нөөц, арилжааны, зах зээл болон үнийн судалгаа, төлбөр тооцоо, сургалт мэдээллийн зэрэг нэгж, бүтэцтэй байна. Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн байгууллагуудаас 5 төлөөлөл, уул уурхайн салбарын хувийн хэвшлийн байгууллагуудаас 4 хараат бус гишүүнийг томилон ажиллуулахаар хуульд тусгасан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг албан ёсоор 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөнө. Тэр хүртэлх хагас жилд ямар бэлтгэл хангах вэ?
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон бэлтгэл ажил хийгдэнэ. Нүүрсний болон бусад бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний загвар боловсруулах. Бүтээгдэхүүний чанарын стандартыг тогтоох лабораториуд, дэд бүтцийг итгэмжлэх. Агуулахуудад сертификат олгох. Тээврийн хамгийн оновчтой, бодит, хямд үнэ тогтоох. Биржийн арилжааны гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүргэх, хугацаа алдсан тохиолдолд торгууль төлөх болно. Өөрөөр хэлбэл уул уурхайн биржийн арилжааны платформыг бий болгох хэрэгтэй байна. Батлагдсан хуулийн дагуу уул уурхайн бирж нь өөрийн агуулах, терминал, шинжилгээний лаборатори, тээвэр зуучийн компани гээд дэд бүтэцтэй байх юм. Энэ бүтцийг бий болгоход хувийн хэвшлийн, олон улсын стандартад хүрсэн лаборатори, үйлдвэрийн агуулах, бий болсон болон шинээр баригдах терминалуудыг итгэмжлэх, биржийн арилжааны төлбөр тооцоо хийх зэргийг зохицуулах 15 дүрэм журмыг энэ хагас жилд боловсруулна. Энэ бүхний дараа уул уурхайн бирж бүрэн утгаараа ажиллана. Олон улсын стандартаар олборлолт, тээвэрлэлт, агуулахаас ачиж буулгах, боомтоор нэвтрэх, худалдан авагчид хүрэх хүртэл бүх үйл ажиллагаа биржийн шууд хяналтад байдаг. Ингэж цахимаар хяналт хийснээр улстөрчид, төрийн албан хаагчдын “лобби”-г зогсоох боломжтой болно.
Хөрөнгийн бирж, уул уурхайн биржийг хамтатгасан туршлага хэчнээн оронд байдаг бол?
Олон улсад байгуулагдсан уул уурхайн барааны 200 гаруй бирж байдгаас 60 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүний төрөлжсөн биржүүд юм. Лондоны металлын бирж өнгөт металлаар дагнасан. Лондоны үнэт металлын бирж зөвхөн мөнгө, алт арилжаалдаг. Газрын тосных гэж бий. Хятадын Тянжины уул уурхайн барааны бирж жонш, төмрийн хүдэр, нүүрс худалдаалдаг бол Даляны товарын бирж хөдөө аж ахуйн болон уул уурхайн цөөн бараа, бүтээгдэхүүн борлуулна. Харин ганц Австралийн хөрөнгийн бирж нь компаниудын хувьцаанаас гадна хөдөө аж ахуйн бараа, уул уурхайн бүтээгдэхүүнийг хавсран арилжаалдаг.
Монголын хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биет ба фьючерын гэрээний арилжаа хийх платформыг бий болгосон уу?
Лондоны металлын биржид уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах Millionum ITI гэсэн тусгай платформ байдаг. Ийм платформыг манай Монголын хөрөнгийн бирж шинээр хөгжүүлэх шаардлага байгаа. Хөгжүүлнэ гэдэг нь тоног төхөөрөмж авах, боловсон хүчнээ бэлтгэнэ гэсэн үг. Биржийн арилжааг хараат бус брокероор дамжуулан хийх хэрэгтэй. Уул уурхайн биржийн брокерууд нь СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авна. Брокер компани нь уул уурхайн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайн мэддэг, эрдсийн бүтээгдэхүүний Монголын болон гадаад зах зээл, үнийн хэтийн төлөвийг судлах, биржийн арилжаанд оролцогчдыг өргөнөөр татан оролцуулах, биржийн арилжаа хийх сургалт явуулах, зах зээлийн үнийн мэдээллээр оролцогчдыг хангах зэрэг чиглэлээр ажиллах мэргэшсэн аж ахуйн нэгжүүд байх ёстой. Монголын хөрөнгийн биржээс нүүрсний чиглэлээр ажилладаг тээвэр зуучийн компаниудыг итгэмжлэх хэрэгтэй байна.
Таны харж байгаагаар уул уурхайн биржийн үйл ажиллагаа, бодит арилжаа хэзээ эхлэх вэ? Бирж аль нэг яаманд харьяалагдах уу?
Уул уурхайн бирж төрийн өмчит компани нь арилжаа явуулах эрхээ СЗХ-ноос авах юм. Эхний ээлжинд туршилтын журмаар Монголын хөрөнгийн биржээр нүүрсний арилжаа хийгээд, 2023 оны долдугаар сараас уул уурхайн олон төрлийн бүтээгдэхүүн арилжаалах үед бирж бие даасан үйл ажиллагаа явуулах нь илүү оновчтой, үр өгөөжтэй болов уу. Олон улсын бирж хөгжүүлж, ажиллуулсан туршлага ч ийм байдаг. УУХҮЯ бодлогоор уул уурхайн биржээ удирдаж, өдөр тутмын ажилд СЗХ хяналт тавин ажиллана. Эдгээр байгууллага хамтран уул уурхайн биржийн агуулах, шинжилгээний лабораториуд болон тээвэр зуучийн компаниудыг итгэмжлэх журмыг батлах, итгэмжлэх ажлыг зохион байгуулах, биржийн асуудлыг хариуцсан орон тоог УУХҮЯ-нд ойрын хугацаанд бий болгож ажиллуулах хэрэгтэй байгаа. Энэ бүгдийг хариуцан хийх бэлтгэл ажлын төлөвлөгөө гараагүй, аль байгууллага ямар асуудлаа хариуцах нь одоогоор тодорхойгүй л байна.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Арванхоёрдугаар сар, 2022 №12 (013)