Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Нүүрсний бизнесийнхний хувьд зовхи нь өөдөө нэгэн жилийн талаас илүүг үдээд байна. Орос Украины дайнаас үүдэн ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдаа хумигдсанаар нүүрсний эрэлт эрс нэмэгдэв. Цаашлаад нүүрсний станцуудын наслалтын ирээдүйг ч төсөөлж тооцоолоогүйгээр өөрчлөх шинжтэй. Европын зарим орнууд нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулах төлөвлөгөө зарлаж, Япон, БНСУ нүүрсний татан авалтаа ихээр нэмэгдүүлэх болов. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд бүхий л хүчин чармайлтаа зориулж эхэллээ. Шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт яригдах болсноор нүүрсний төслийн хөрөнгө оруулалт дэлхий даяар өсөж байна. Нүүрсний эрэлт өсөж, үнэ нэмэгдсэн “дахин сэргэлт” гэгдэж буй энэхүү мөчлөгийн үргэлжлэх хугацаа харин хэр байхыг өнөөхөндөө таамаглахад бэрх. Тэгвэл энэхүү үүлэн чөлөөний нар шиг үе Монголын нүүрсний бизнесийнхэнд боломжийг бий болгож чадав уу.
Он гарсаар коксжих нүүрсний үнэ тасралтгүй өссөөр тавдугаар сард 332 ам.доллар/тоннд хүрсэн нь энэ оны хувьд одоогоор хамгийн оргил үнэд тооцогдож байна. Гэвч хамгийн даажинтай нь манай улсын хувьд хил гаалийн хориг хязгаарлалтууд арайхийн суларснаар компаниудын нүүрсний нийлүүлэлт эхэлж, зарим нь байгаагаа нэмэгдүүлэх боломжтой болох үед үнэ буцаад буурч эхэлсэн юм. Нэг ёсондоо үнэ болон эрэлтийн өсөлтөөр дэлхий даяар нүүрсний компаниуд хэтэвчээ зузаатгасан таатай үеийг Монголын нүүрс экспортлогчид бас л бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байсаар. Нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж ирсэн тээвэр логистик, боомтын нэвтрэлт зэрэг хүчин зүйлсийн талаар бүтэн арваны турш улсаараа халагласаар ирсэн тул Mining Insight энэ бүхнийг давтан нурших гэсэнгүй. Харин яг өнөөгийн нөхцөл байдал, хийгдэж буй ажлууд, тулгарч буй асуудал, ирээдүйн боломж, цаашдын стратегийн талаар нүүрс экспортлогчидтой ярилцахыг эрмэлзлээ. Манай улсын нүүрсний гол боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн, Булганы боомтоор нүүрсний худалдаа хийдэг “Энержи Ресурс”, “Тавантолгой”, “Өсөх Зоос”, “Саусгоби Сэндс”, “МоЭнКо” зэрэг экспортлогчдын ярилцлагаас нөхцөл байдлыг дэлгэрүүлэн уншина уу.
Цэнхэр гаригаараа нүүрснээс татгалзах хөдөлгөөн өрнөж, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан ногоон технологид шилжих санаачилга түгэн дэлгэрч нүүрснийхэн навтайн суусан цаг саяхан. Гэвч зах зээлийн гэхээсээ геополитикийн асуудал, ирээдүйн төсөөлөл хэтэрхий өөдрөг байсан нь ад үзэгдсэн нүүрсэнд цаг хугацааны хувьд шинэ боломж нээх хандлагыг тодруулан байна. Ялангуяа Монголын эрчим хүчний нүүрсний хувьд эрэлт нэмэгдэж, үнэ ханшийг өсгөх давуу тал авчирч байна. Эрчим хүчний нүүрсний эрэлт дээр гарч буй шинэ боломжийн талаар “Өсөх зоос” компанийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат, “Биг Могул Фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнхтэй ярилцсан нь уншигч танд сонин байх болов уу. Мөн шинэ дугаартаа Монголын нүүрс, түүнийг зорилтот зах зээлд хүргэх дэд бүтцийн асуудлыг онцолж байна. Нүүрсний экспортын боломжийг тэлэх шинэ төмөр замын төслүүдийн талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын байр суурийг нэг дороос зэрэгцүүлэн харах боломжийг олгохыг зорилоо.
Түүнчлэн наймдугаар сард Монголын нүүрсний компаниудын хувьд чухал мэдээ зарлагдсан нь Монгол Улсын нүүрсний ангиллын стандарт шинэчлэгдсэн явдал. Нүүрсний гурван төрлийн 11 дэд ангилалтай байсныг таван төрөл, 22 дэд ангилалтай болгож байгаа ажээ. Хэдий нүүрсний компаниудын хувьд тийм ч хүсэн хүлээсэн өөрчлөлт биш боловч тодорхой хэмжээний дэвшил гэж харж болно. Нүүрсний ангилал нарийвчлагдах нь ханшийн тооцооллыг хялбар болгохын зэрэгцээ хилийн боомт бүрээр үнээ харилцан адилгүй байдлаар тооцож, жишиг үнэ гаргадаг болох чиглэл рүү ахиж байгаа хэрэг юм. Ийнхүү Mining Insight нүүрсний салбарт төвлөрсөн нэгэн дугаараа нүүрсний бизнесийнхний хамгийн том цугларалт болох Coal Mongolia 2022 хурлыг угтан бэлтгэлээ. Тухлан уншина уу.