Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Наймдугаар сарын эхний өдрүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалыг Монголын төдийгүй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өлгөн авч, өнгө бүрийн аястай мэдээллүүд цацав. Магадгүй урьд өмнөх төрийн айлчлалуудаас хамгийн их анхаарал татсан, түүний хэрээр айлчлалын өрнөлийн талаар төрөл бүрийн таамаглал хөвөрсөн айлчлал болж өнгөрлөө. Мэдээлэл бүрт Монголын Ерөнхий сайд Вашингтонд газрын ховор элементийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр айлчилсан ба хоёр улсын энэ чиглэлийн хамтын ажиллагаа хэрхэн өрнөж, ямар үр дагаварт хүргэх вэ гэдэг асуудлыг дэвшүүлж байлаа. Чухамхүү энэ асуултад хариулт олох гэсэн “эрэл хайгуул” Монголын газрын ховор элемент буюу критикал хэмээгдэж буй эрдэс минералуудыг улам бүр олон нийтийн анхаарлын төвд авчирч байна. Анхаарлын төвд орохтой зэрэгцэн манайд дэгсдүүлж хөөрцөглөсөн сүржин мэдээллүүд илүүтэй зонхилон байна. Энэ хөөрлөөс салж, аливаад ханаралгүйгээр бодитой хандаасай гэсэндээ Mining Insight шинэ дугаарын гол нийтлэлээ критикал минерал тойрсон Монголын асуудалд зориулав. “Критикал минерал: Монголын геологи, хайгуулыг босгох боломж” нийтлэлээр уншигчдад уг сэдвийг олон улсын харилцаа, геополитикийн асуудал болгож хувиргахаас илүүтэй эдийн засгийн агуулгаар нь хараасай гэх сэдэл өгөхийг зорилоо.
XXI зууны үйлдвэрлэл, ялангуяа цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал хэмээгдэх ашигт малтмалуудын хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудад томоохон сорилт авчрахын зэрэгцээ эдийн засгийн асар том боломжуудыг бий болгож байна. Mining Insight энэхүү сорилтын нөгөө талд бий болж буй хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг шинэ дугаартаа танилцуулахыг зорьсон билээ. Цэвэр эрчим хүчний шилжилтэд Монголын гэх шилжилт, шийдэл, дэд бүтцийг хөгжүүлэх зорилго эрмэлзэл тээсэн төсөл, компаниудыг онцолсон тусгай хэсгийг өргөн барьж байна. Цэвэр эрчим хүчний шилжилт, түүнд нэн чухал гэгдэж буй критикал минералтай холбоотой Монголын боломж, дэлхий дахинд эрэлт нь ойрын хугацаанд эрс нэмэгдэх устөрөгчийн хэрэгцээг нүүрсэндээ суурилан хангахыг зорьж буй судалгааны эхлэл, метан хийн хайгуул болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд үүнд багтав. Ирээдүйн түлш гэгдэж буй устөрөгчийн туршилтын үйлдвэрийн судалгааг Япон улсын технологи болон судалгааны компаниудтай хамтран эхлүүлж буйгаа “Монголын Алт” компани (МАК) энэ сард (2023.08.18) зарласан. Үүнийг МАК-ийн ирээдүйн бизнес хэмээн тодорхойлох хүмүүс ч байна. МАК-ийн хувьд ирээдүйд устөрөгчийн үйлдвэр байгуулж, Монгол Улсынхаа хэрэгцээг хангахаас гадна Япон Улсад экспортлох амбицаа нуугаагүй. Mining Insight уг үйл явцыг цэвэр эрчим хүчний шилжилтийн зүг Монголын компаниуд хөгжингүй орнуудтай зэрэгцэн алхахыг зориглосон бодитой алхам хэмээн тэмдэглэж байна. Эрчим хүчний шилжилт эргэлт буцалтгүй болсон энэ үе цагт манай улсад эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ хувилбарууд нэн яаралтай хэрэгтэй байгаа. Энэ талаар “Ньюком” группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнхтэй хийсэн ярилцлага шинэ дугаарт нийтлэгдлээ.
Манай улсын хувьд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зохист нэг хувилбар нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл. Улмаар экспортын шинэ орлогын урсгал бий болгох хамгийн боломжит салбар юм. Энэ бол ирээдүйн эрчим хүчний экспортын ирээдүйтэй хэлбэр. Ногоон шилжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын боломж өссөөр байгаа ба сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг амжилттай татаж буй салбарын нэгд тооцогдож байгаа билээ. Эрчим хүчний шилжилт, түүнийг тойрсон асуудлуудыг цаашид ул суурьтай гүнзгийрүүлэн бичихийн тулд Mining Insight энэ жилээс “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2023"-ын мэдээллийн түншээр хамтран ажиллаж буйгаа дуулгая. Есдүгээр сарын 28-29- ний өдрүүдэд “Эрчим хүчний засаглал” сэдвийн дор зохиогдох уг чуулганаар Монгол Улсын нөхцөл байдалд цэвэр, найдвартай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хэрхэн бий болгох, хөгжүүлэх боломж, эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх талаар хөндөх юм. Энэ бүгдийг багтаасан шинэ дугаараа уншигч танд өргөн барьж буйг хүлээн авна уу.