Зам тээврийн салбарт Ляонин мужтай хамтран ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Ляонин мужид ажиллалаа.

Тус мужийн дарга Ли Лэ Чин, мужийн Ардын засгийн газрын дэд захирагч Жин Гуовэй нартай уулзан зам тээврийн дэд бүтцийн төслүүдээ танилцуулж, хамтран ажиллах санал дэвшүүлжээ.
Ляонин муж нь далайн 6 боомт бүхий БНХАУ-ын стратегийн хамгийн чухал муж хот аж. Эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг бөгөөд 43 сая хүн амтай.
Монгол Улс Ази Европыг холбосон тээврийн коридорын гол хэсэг. Тэр ч утгаараа Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг БНХАУ-ын Жинжөү боомтоор дамжин далайд гарах хамгийн дөт замтай болохыг зорьж байна.

Бичигт боомтоос Жинжөү боомт хүртэлх тээвэрлэлтийн зам нь 866 км. Иймд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зүүн бүсэд Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах, Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох гээд томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм..

Эдгээр төслүүд хэрэгжсэнээр:

Зүүн бүсэд Монгол, ОХУ, БНХАУ цаашлаад БНСУ, Япон Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ тойрог бий,болж бид далайд гарах хамгийн дөт замтай болно.

Түүнчлэн зүүн бүсэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил цоо шинэ түвшинд хүрнэ.

Худалдаа, тээврийг хөнгөвчилж, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал эрс буурна.

Шинэ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Ээрс нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг хангана.

Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам