“Бадрах Энержи”-тэй ХоГ байгуулахаар болжээ. Гэхдээ...

С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginsight.mn

Намрын сэрүү буусан энэ өдрүүдэд Монголын уул уурхай, улс төр, нийгэм эдийн засагт халуухан үйл явдал тохиох гэж байна. Олон жил яригдсан, хүлээгдсэн ураны төсөл урагшилж, хөрөнгө оруулагч Францын талтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил эцэслэгдэж байгаа аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийх Төрийн айлчлалын үеэр хоёр тал Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар тохирч, шаргуу бэлтгэж байна.

1997 онд ураны хайгуулын анхны тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 27 жилийн дараа ураны шар нунтаг үйлдвэрлэх анхны Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах гэж буй нь энэ. Бидний сайн мэдэхээр “Арева Монгол” буюу “Бадрах Энержи” компани, түүний гол хөрөнгө оруулагч Францын төрийн өмчит “Орано” компани өнгөрсөн хугацаанд Монгол Улсын байр суурийг тэвчээртэй хүлээн суусан юм. Зөөвч-Овоогийн орд, ер нь “Бадрах Энержи” компанийн төсөл эдийн засгийн үр өгөөжийн хувьд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэгтэй харьцуулах хэмжээний биш. Ирэх жилүүдэд 1.2 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт орж, төслийн хугацаанд нэг тэрбум давсан долларын татварын орлого төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой төсөл. Гэхдээ уг төслийн амин судас нь ИХ-7 бүлгийн гишүүн Франц улсын хөрөнгө оруулалт юм. Экспортын шинэ бүтээгдэхүүн, шинэ гарц, бас шинэ хөрөнгө оруулагч гээд эдийн засгийн агуулгаараа олон талын ач холбогдолтой төсөл. Тэр утгаараа Оюутолгой, “Рио Тинто”- гоос хойших анхны барууны хөрөнгө оруулалтын томоохон гэрээ болж буйгаараа онцлог.
Олон жил ч дуншсан, олон ч сонгууль элээж, олон ч Засгийн газрын нүүр үзсэн төсөл. Геополитикийн нөхцөл байдал, дотоодын улс төрийн зөрчилдөөн гээд өнгөрсөн хугацаанд Францын компанид боломж ерөөс гараагүй. Харин энэ удаад богино хугацаанд эрчтэй ажиллаж, эцсийн цэг дээрээ ирж байгаа нь маш сонирхолтой. Ердөө хоёр жил хүрэхгүйн өмнө хөрөнгө оруулагч талаас ХоГ-ний анхны хувилбараа Засгийн газарт албан бусаар танилцуулсан гэдэг. Сүүлийн хагас жил орчим хугацаанд талууд үндсэн тохиролцоогоо амжилттай хийсэн байна. Гэхдээ, ХоГ-г тойрсон эргэлзсэн, эсэргүүцсэн байр сууриуд олны өмнө ил биш ч гарсаар байна. Тухайлбал уг төсөлд хувь эзэмших үү, эсвэл татвараа нэмж авах уу гэдэг асуудлаар холбогдох чиг үүргийн төрийн байгууллагуудын дунд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгаа бололтой. ХоГ-ний хамгийн гол нөхцөл нь Оюутолгойн ХоГ-г давтахгүйгээр 34 хувийн эзэмшлээс Монголын төр татгалзаж, хувь эзэмшлийнхээ оронд түүнтэй дүйцэх хэмжээний тусгай роялти авах юм. Мөн Засгийн газар нэмж “Алтан хувьцаа” эзэмшинэ. Харин зарим нэг нь роялтиг компанийн 34 хувиар, зарим нь гарсан бүтээгдэхүүний 34 хувиар авах ёстой гэсэн байр суурьтай байна. Яг энэ асуудлаас болж Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуулийн аль заалтыг ашиглах вэ гэх мэт жижиг хэрнээ хожмоо томрох асуудал тулгарч байна. Эндээс нөгөө л Оюутолгойн ХоГнээс сургамж авсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хэдэн жилийн турш “Рио Тинто”-той хийсэн хэрүүлийг Францын “Орано”-той хийгээд суух юм биш биз гэсэн болгоомжлол төрийн байгууллагууд хийгээд Ажлын хэсгийнхний дунд байна.

Ураны ямар ч орд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдолтой орд болдог. Тэр утгаараа уг ХоГ Засгийн газар, УИХаар хэлэлцэгдэх нь ойлгомжтой. Ирэх өдрүүдэд уг төслийг, ХоГ-г тойрсон нийгэм, улс төрийн хэлэлцүүлэг, олон нийтийг хамарсан маргааны хүчтэй давлагаа явах нь ойлгомжтой. Хэн нэг нь Хятадын эрлийз болж, зарим нэг нь барууны бууны нохой болж цоллогдож таарах биз. Яг л 2009-2010 оны Оюутолгойн гэрээ байгуулагдаж асан үе шиг. Олон талын эрх ашгийг хөндсөн, өмгөөлсөн, буруутгаж шүүмжилсэн тал талын байр сууриудыг илэрхийлсэн мэдээллүүд урсах нь лавтай. Чухам тийм цаг үед зөвхөн улс орны эрх ашиг гэсэн цор ганц үзэл баримтлалыг эн тэргүүнд тавихгүй бол хожмоо асар их хор уршиг дагуулдгийг бид өнгөрсөн 10 гаруй жилийн сургамжаас хангалттай харсан, мэдэрсэн, ойлгосон билээ. Юутай ч Монголын уул уурхан салбарт цоо шинэ хуудас нээгдэж байна. Шинэ, цэвэр эрчим хүчний зуун гэгдэж буй энэ мөчид эрчим хүчний шилжилт, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн манлайд яваа улстай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, түншлэхээр болж буй нь олон улсад Монголыг дахин шинээр таниулах нь ойлгомжтой.