Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn
Эх дэлхий, ирээдүй хойч үеийнхээ төлөө компаниудын зорилго, алсын хараа нь нийгмийнхээ зорилго, үнэт зүйлтэй нийцэх шаардлагатай тийм цаг үед бид амьдарч байна. Тэгвэл өнөөдрийн дэлхий ертөнцийг бүхэлд нь нэгтгэсэн цор ганц зорилго бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. Цэнхэр гаригаараа ийм үнэт зүйлд нэгдэж, улс орнууд үүрэг амлалт авч, түүний төлөө хүчин чармайлтуудаа нэгтгэж байна. Дэлхий ээжийнхээ халууныг намжаах эгнээнд нэгдэхийг эрмэлзсэн компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цар хүрээгээ тэлсээр. Тэд цэвэр тэг рүү хүрэх үүрэг амлалт авч, ялгаруулж буй хүлэмжийн хийгээ тооцоолж, бууруулж буй арга зам, гаргаж буй хичээл зүтгэлээ тов тодорхой тайлагнадаг боллоо. Улмаар энэ нь бизнесийн нэр хүнд, компанийн үнэлгээний хамгийн гол хэмжүүр болох цаг дөтөлсөөр байна. Үүнээс улбаалан бид шинэ дугаартаа уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн тооцож, нөлөөллийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авч буй талаарх асуудлыг хөндлөө. Дэлхийн уул уурхайн томоохон гигантууд энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгааг Э.Мишээлийн “Тэг рүү тэмүүлэх зорилго” нийтлэлээс дэлгэрүүлэн уншаарай.
Манай улсын хувьд нэн шинэ сэдэв тул онцлох нийтлэл юм. Бид Rio Tinto, Vale болон BHP нарын дэлхийн уул уурхайн ТОП 3 компанийн CO₂е-ийн ялгаруулалтын мэдээг компаниудын 2022 оны тайлангаас бэлтгэн хүргэлээ. Ингэхдээ зөвхөн CO₂-ын тооцооллоор хязгаарласангүй. Бууруулах стратеги, зорилгодоо хүрэхээр тодорхойлсон арга зам, технологийг хэрхэн хөгжүүлж, нэвтрүүлж буй туршлагаас нь хуваалцав. Үүний сацуу Монголын уул уурхайн компаниудын CO₂-ыг бууруулах төлөвлөгөө, тооцоолол, тайлагналыг тодруулахыг зорилоо. Олон улс дахь нөхцөл байдалтай харьцуулбал өнөөхөндөө манай компаниуд энэ чиглэлд түүхий байна. Нээлттэй мэдээллээс хайхад цөөн компанийн хувьд CO₂-ыг тодорхойлдог гэдгээс өөр өгүүлбэр алга. Үйл ажиллагааны хэмжээ цараар эхэнд эрэмбэлэгддэг компаниуд руу хандаж, мэдээлэл хүссэн ч бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй. Гэсэн хэдий ч CO₂-ыг тооцоолж байгаа нь чухал. Эх дэлхийгээ хайрлаж буйн нэг хэлбэр тул мэдээлэл өгсөн тэдгээр компанийг “Тэг рүү тэмүүлэх зорилго” нийтлэлд онцлон дурдсан билээ. Өчүүхэн төдий мэт санагдавч нэг компанийн үзүүлж чадах нөлөөлөл, үр дүн чамлахааргүй. Нэгээс хоёр, нийлж нэгдсээр олуулаа болохын тулд эхэлж буй компаниудын санаачилга, үлгэр жишээ чухал юм. Гэхдээ Монголын уул уурхайн компаниудын CO₂-ын ялгарлаа тооцоолж буй аргачлалууд хоорондоо зөрүүтэй, харьцуулж үнэлэх аргагүй байна. Олдсон хэмжээнд мэдээллийг хүргэж, дүгнэж цэгнэх эрхийг уншигчдадаа үлдээлээ. Эндээс манай улс хийгээд уул уурхайн компаниуд ямар тооцоолол, аргачлалыг ашиглах, хүлээн зөвшөөрөх вэ гэдгээ ч бодолцох ёстой нь харагдаж байна.
Хэдийгээр Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийг өндөр хөгжилтэй улс орнуудынхтай харьцуулан, хөгжиж яваа манай улсад бусдын үйлдвэржилтээс үзүүлсэн сөрөг нөлөө, хор хохирлын хариуцлагыг ижил хэмжээнд тулгах нь шударга бус гэх байр суурь байдаг ч дэлхийн нийтлэг хандлага, явж буй чиглэлээс бид гажих боломжгүй юм. Европын Холбооны гишүүн улсуудаас эхэлсэн нүүрстөрөгчийн татвар хүрээгээ улам тэлэх нь цаг хугацааны л асуудал. Хүлэмжийн хийг хэрхэн бууруулсан нь санхүүжүүлэгч болон нийлүүлэлтийн сүлжээ төдийгүй нийгэм олон нийтийн зүгээс зайлшгүй тавих шаардлага болох нь эргэлт буцалтгүй болчихлоо. Үүний тулд уул уурхайн компаниуд CO₂-ын ялгарлаа тооцоолж, чингэхдээ олон улсад тооцоолж буй нийтлэг арга аргачлалд нийцүүлж дөхүүлэх, түүнийгээ нээлттэй ил тод мэдээлдэг, тайлагнадаг байх шаардлагатай байна. Нөгөө талаар манай улсын өнөөгийн нөхцөлд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах зорилтоос шингээлтийг нэмэгдүүлэх нь хамгийн боломжит хариу үйлдэл болж буйг та нийтлэлээс унших болно. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх боломж бага байгаа тул Монголын уул уурхайн компаниудын нүүр тахлах, нэр хүндийг “аврах” хамгийн эхний боломжит арга зам нь мод тарих болж байна. Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” амлалтын үүрэг хариуцлага, үүрэх ачаа үндсэндээ уул уурхайн салбарт ирсэн. Төр засаг, аймаг, сум гээд шат шатанд нь уул уурхайнхан мод тарих үүрэг авсан. Уурхай нэг бүрээр тоог нарийвчлан гаргавал бараг 900 сая мод уул уурхайн салбарт оногдож магад. Үүнийгээ ч сайтар биелүүлж, зарим нь бараг мод үржүүлгийн компани аятай болж хувирч буй. Харин хэдий хэр CO₂ ялгаруулснаа хэчнээн мод тарьж түүнийг шингээж буйгаараа харьцуулан хэмжиж, мэдээлж тайлагнах нь чухал байна гээд шинэ дугаарынхаа онцлох нийтлэлийг хүргэе.