Эрдэнтийн 45, МАК-ийн 30 жилтэй 12.14

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА 
ariun@mininginsight.mn

Уншигч та Mining Insight-ийн хавтаснаас 45 жилийн тэртээх түүхэн агшинг харж байна. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэжээ. Эхний баяжмалыг экспортод ачсан галт тэрэг хөдлөх гэж буй мөч гэрэл зурагт ийн үлдсэн байна. Тэртээх өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн цохилох зүрх нийгмийн хоёр өөр тогтолцоог туулан оршин тогтнохдоо 45 жилийн турш өдөр ч, шөнө ч үл амсхийжээ. Энэ хугацаанд Монголын хамгийн алдартай энэ үйлдвэр хүмүүний амьдрал шиг л ээдрээт тавиланг туулж. Социалист дэглэмээс чөлөөт ардчилсан нийгэмд, хоёр улсын Хамтарсан үйлдвэрээс Монгол Улсын өмчлөлд бүрэн ирж, үндэсний компани, төрийн өмчит үйлдвэрийн статуст шилжиж, энэ завсар ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа Монголын хувийн хэвшилд худалдсаныг төрийн мэдэлд буцаан авч, онцгой дэглэм хүртэл тогтоосон үйл явц түүхэнд нь үлджээ.
Бас Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн олон мянган залуус үйлдвэртэйгээ нас чацуу хотыг зэлүүд нутагт бүтээн босгож, ажил амьдралаа цогцлоосон мянга мянган түүх хамт бичигджээ. 45 жил гэдэг уурхай, үйлдвэрийн хувьд урт хугацаа биш боловч халуун залуу насандаа Эрдэнэтийг бүтээн босгосон хүмүүсийн хувьд хүмүүний нэгэн үе солигдох цаг хугацаа юм. Гэхдээ энэ 45 жил зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн түүх байсангүй. Эрдэнэт Монгол Улсын аж үйлдвэр төдийгүй экспортын бүтцэд чанарын өөрчлөлт оруулсан томоохон үйлдвэрлэлийн эхнийх нь байлаа. Уул уурхайн үйлдвэрлэл зэс хэмээх эрдсийн шинэ төрлөөр өргөжин тэлж, экспортын шинэ чиглэл түрэн хөгжив. Улмаар Монгол Улс албан ёсоор зэс үйлдвэрлэгчдийн эгнээнд багтаж, байр сууриа бататгасан, 2011 оныг хүртэл зэсийн баяжмал экспортод тэргүүлэх байр суурь эзэлсэн он жилүүд билээ. Эрдэнэт үйлдвэр сүүлийн арван жилд л улсдаа зэсийн үйлдвэрлэлийг хамтдаа тодорхойлох дүү төсөлтэй болсон нь Оюутолгой байв. 

Манай орны хөгжил дэвшлийн түүхэнд ийм жинтэй байр суурьтай, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр арванхоёрдугаар сарын 14-ий өдөр анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн ойгоо, Эрдэнэтийн Овоо ордыг нээсний 60, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах түүхэн хэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойтой хамтатган тэмдэглэв. Хэдий 45 жил зогсолтгүй үйлдвэрлэл явуулж байгаа ч Эрдэнэтийн алтан үе ард үлдээгүй, өмнө нь байгааг ойгоороо нээлттэй зарласан. Тогтоогдсон нөөцөөрөө дараагийн 60 жил буюу энэ зууны турш үйл ажиллагаа явуулах хөгжлийн бодлогоо зэс хайлуулах үйлдвэр байгуулж, боловсруулалтын шатанд түвшин ахина хэмээн тодорхойлж байна. 

Арванхоёрдугаар сарын 14. Монголын эрдэс баялгийн салбарт онцгой ээлтэй өдөр бололтой. Эрдэнэт үйлдвэр түүхт ойгоо хүндэтгэн ёсолсон энэ өдөр МАК-ийн 30 жилийн ой давхцан тохиолоо. 2023 онд бүхнийг шинээр, бүхнийг тэгээс эхэлсэн үндэсний бизнесүүдээс олонх нь 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэдгээрээс МАК-ийн 30 жилийг Mining Insight онцолж байна. Шинэ Монголын 30 жилийн түүхийг бизнесийн талбарт, тэр дундаа улсынхаа эрдэс баялгийн салбарт тод мөрөөр бичсэн хувийн хэвшлийн компанийн нэг бол Монголын Алт. Улс орны суурь салбар болсон уул уурхайн сүүлийн 30 жилийн түүхийн хамгийн үнэ цэнтэй ололт нь улсаа нэр төртэй төлөөлж чадах ийм хувийн хэвшлийн бизнесүүд бий болсон явдал юм. МАК-ийн туулсан 30 жил Монголын нэн шинэ нийгмийн хувьсал өөрчлөлтийн түүх. Бодитойг бүтээж босгосон үндэсний компаниудын бэхжин өндийсөн замнал. Монгол хүний утга учиртай амьдралын намтар юм. 1991 онд “Алт” хөтөлбөрийг баталснаар шороон ордод хувийн хөрөнгө оруулалт зөвшөөрөгдөж, 1993 онд алт олборлох эхний тусгай зөвшөөрлүүдийг олгож эхэлснээр уул уурхайн салбарт хувийн хэвшлийн анхны компаниуд бий болсон түүхтэй. Тэдгээр зам мөр гаргагчдын нэг нь МАК байв. Алтнаас нүүрс болон бусад ашигт малтмал руу, олборлолтоос дараагийн түвшин рүү ахиж, уул уурхайгаас бусад салбар руу өргөжин тэлж яваа МАК 20 жилийн өмнө 400 мянган тонн нүүрс экспортолж, Монголын эрчим хүчний нүүрсийг Хятадын зах зээлд таниулсан анхдагч, араасаа олон экспортлогчдыг дагуулсан мөс зүсэгч юм. МАК 30 жилийн ойгоороо ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагаа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа нүүрсийг гүн боловсруулах, ирээдүйн эрчим хүчний гол эх үүсвэр гэгдэж буй устөрөгчийн үйлдвэрлэлийн суурийг Монголд тавих хэмээн зураглажээ.

Ийнхүү Монголын том бизнесүүд эдийн засаг, нийгэм, технологийн хөгжлийг тодорхойлж, улс төрийн бодлогоос дутахгүй нөлөөлөл үзүүлэх
хэмжээнд төлөвшин хөгжиж байгаа нь бахархалтай. Үндэсний ийм компаниуд улсын сүр хүч бөгөөд улам олон болтугай гээд оныг жаргааж буй сүүлийн дугаараа Уншигч танаа өргөн барьж байна.