Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn
Монгол Улсад 1990-2023 оны гуравдугаар улирал хүртэлх байдлаар нийт 42.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж иржээ. Түүний 73 хувь нь уул уурхай, олборлох салбарынх. Үндсэндээ ганц салбар, тэр тусмаа 2011 оноос хойш Оюутолгой гэх ганц мега төсөл дагасан урсгалаар гадаадын шууд хөрөнгө оруулалт бүрдэж ирэв. Оюутолгой төслийн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байгааг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд дурджээ.
2010-аад оноос хойших үеийн ГШХОын дүр төрх, өнгийг тодорхойлж ирсэн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар өндөрлөнө. Өөрөөр хэлбэл, ганц төслийн бүтээн байгуулалт дагасан хөрөнгө оруулалтад сэтгэл ханаж өег явсан өдрүүд ард үлдэх нь байна. Тэгвэл түүнийг нөхөх дараагийн хөрөнгө оруулалтын төслүүд уул уурхайн салбарт байгаа билүү. Байгаа бол ямар төслүүд шинэ хөрөнгө оруулалт татаж чадах вэ? Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтыг дахин идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх Монгол Улсын дараагийн боломж эрдсийн салбарт юу байх бол? Mining Insight энэ асуултад хариулт хайж, дугаарын гол нийтлэлээ бэлтгэлээ. Сэтгүүлч Э.Мишээлийн “ГШХО: Жижиглэн зах зээлд идэвхтэй байх нь” нийтлэл Уншигч танд зарим нэг хариултыг өгнө хэмээн найдна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын орчинд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн болон хийхийг зорьж буйг Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анарын тодруулгаар хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн татсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын орон зайг нөхөх мега төсөл мэдээж үгүй байна. Гэхдээ бас оргүй хоосон биш гэдгийг Та шинэ дугаараас унших болно.
Ашиглалтад бэлэн цөөнгүй төсөл уул уурхайн салбарт бий. Зарим нь бараг 10 жил бэлтгэгдэж байгаа. Тэдгээрээс ойрын хугацаанд, магадгүй энэ онд шинээр эхлэх боломжтой бэлэн төслүүдийг Mining Insight онцлон нэр дурдлаа. Тэдний заримынх нь хөрөнгө оруулалт жилийн тэрбум ам.доллар хэмжигдэнэ. Харин тэдгээр төслийг хэрэгжүүлэх үү, эхлүүлж чадах уу гэдэгт л асуудал нь байна. Эдийн засгийн хөгжлийг ухраасан бодлого, зохицуулалтуудыг өөрчилж, хөрөнгө оруулалтын орчноо тэлнэ, өргөжүүлнэ, гадаадын хөрөнгө оруулалт шинээр татна хэмээн Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төслийг УИХ-д хоёронтаа өргөн бариад байна. 2023 оны зургаадугаар сард болон 2024 оны нэгдүгээр сард. Түүнчлэн уул уурхайн салбарын үндсэн хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх төслийг мөн л багагүй хугацаанд боловсруулсан.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээс дэвшилтэт зохицуулалт хүлээж байгаа бэлэн төслүүд ч бас бий. Харин улстөржилт хамгийн өндөр цэгтээ хүрдэг сонгуулийн жилд эдгээр хууль шинэчлэгдэн батлагдаж чадах уу гэдэг л асуудалтай. Хоёрт, хуулийн шинэчлэлүүд хөрөнгө оруулалт татах бодлогын хүчин зүйлсийг үнэхээр хангаж чадахуйц байх уу. Эцэст нь хөрөнгө оруулалтын орчныг тэлэх, шинэ хөрөнгө оруулалт татахад хамгийн том хүчин зүйл болох геологи, уул уурхайн ямар шинэ нөөц бололцоог бид хөрөнгө оруулагчдад санал болгож чадахаар байгаа вэ? Ногоон шилжилтээр эрэлт нь өдөөгдсөн критикал хэмээгдэх эрдэс металлуудын чиглэлд манай улс ямар шинэ боломжуудыг танилцуулж чадах вэ гээд асуулт олон байгаа ч хариулт нь сул, заримд нь олдсонгүй. Харин бусад улс орнууд энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахын тулд юу хийж байгаа нь тодорхой бөгөөд мэдээлэл арвин байна. Тэдгээрээс санаа сэдэл авах цогц мэдээллийг Э.Оджаргал бэлтгэлээ. Монголын коксжих нүүрс импортлогч “Энержи Ресурс” компанийг 15 жилийн түүх бүтээхэд нь манлайлан удирдсан Гүйцэтгэх захирлыг Mining Insight сэтгүүл 2024 оны редакцийн анхны зочноороо хүндэтгэн урьсан билээ. Mongolian Mining Corporationийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн ярилцлагын агуулгад мөн л уул уурхайн хөрөнгө оруулалт тойрсон асуудлууд багтсан.
Монголын уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалтыг сонирхол татахуйц, ашигтай хувилбар биш болгож хувиргасан, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад итгэх итгэлгүй болгосон урьдчилан таамаглах боломжгүй байдал, хууль эрхзүйн зохицуулалтын таагүй өөрчлөлтүүдийн талаарх өнгөрсний сургамжийг сануулсан түүний ярилцлагыг шинэ дугаартаа өргөн барьж байна. Тухлан уншина уу.