Гуравдугаар сараас онцлох нь

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

ariun@mininginsight.mn

УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдлээ. Сонгуулиас гурван сарын өмнөх гуравдугаар сар бол онцгой хугацаа юм. Учир нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлдэг сүүлийн сар тул мөрийн хөтөлбөр дээрээ ид сууж, боловсруулдаг үе. Ийм цагаар МУУҮА-иас санаачилга гаргаж, Парламентад суудалтай улс төрийн 3 хүчинд хандаж, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь саналаа хүргүүлэв. Энэ нь Монголын уул уурхайн салбарынхны хувьд анхны тохиолдол юм. Үүнээс өмнө хоёрдугаар сард тус ассоциацийн бүх гишүүдийн жилийн ээлжит чуулганаас УИХын сонгуультай холбогдуулан эрдэс баялгийн салбарын зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандаж уриалга гаргаж байв. Мөн л эхний удаагийнх. Мөрийн хөтөлбөрт хүргүүлсэн санал, улстөрийн хүчнүүдэд хандсан уриалгын агуулгыг харвал, орлого олж байгаа салбартаа онцгойлон анхаарал хандуулаач гэсэнгүй. Ердөө л саад тотгор болохгүй байгаасай гэсэн цор ганц агуулгатай. Улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс эдийн засгийн тулгуур болсон салбараа улстөржилтөд ашиглахгүй байгаасай. Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг алдагдуулахуйц сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байгаасай гэхээс өөрийг хүсээгүй байна. Улстөрийн хүчнүүдэд хандаж уриалга гаргах, мөрийн хөтөлбөрт саналаа хүргүүлэх нь улс төрд тогтсон соёл, байдаг практик боловч уул уурхайн салбарынхны хувьд өмнө нь хэзээ ч хэрэглэж байсангүй. Тэгвэл 2024 оны сонгуулийн өмнө ийнхүү шат дараалан акц өрнүүлэн, уриалга гаргаж, саналаа хүргүүлж буй нь нэг талаар улстөржилтийн золиос болсоор арга нь барагдаж буйнх. Нөгөө талаар эдийн засгийн гол салбарыг самарч бусниулдаг байдлыг цаашид хүлцэн тэвчиж, чимээгүй суухгүйн илэрхийлэл хэмээн харж болохоор байна. Mining insight сэтгүүл энэхүү үйл явдлыг онцлон, гуравдугаар сарын дугаартаа нийтэллээ. 

Бид ирэх өдрүүдэд УИХ-ын 9 дэх сонгуульд сойж буй намуудын мөрийн хөтөлбөр, тэр тусмаа Парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийн тулгуур салбарын тогтвортой байдлыг хэрхэн авч үзсэнийг задлан шинжилсэн нийтлэлүүдийг хүргэх болно. Жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт Торонто дэлхийн уул уурхайн нийслэл болдог. Тэрхүү сонирхолтой хэмнэл дунд сүүлийн 3 жил Mining Insight-ийн сэтгүүлчид хамт байж, газар дээрээс нь сурвалжилжээ. Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC нь дэлхийн уул уурхайнхны жилийн хамгийн том цугларалт, хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ юм. PDAC2024 дэлхийн 74 хэвлэл мэдээллийн байгууллагатай мэдээллийн түншээр түншилж ажилласны нэг нь Mining Insight сэтгүүл байв. Бид 2022 онд түншлэл эхлүүлснээс хойш хоёр дахь жилдээ мэдээллийн түншээр ажилласан ба ирэх жилийн PDAС-2025-т үргэлжлүүлэн ажиллах юм. Гуравдугаар сарын 3-6- ны өдрүүдэд Торонтод нээгдсэн PDAC-ийн сурвалжлагыг сэтгүүлийн шинэ дугаартаа хүргэж байна. 

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжаалах үйл явц эхэлж буйг шинэ дугаартаа онцоллоо. Нүүрсээр эхэлж, төмрийн хүдэр, жоншны баяжмалаар үргэлжилсэн энэхүү арилжааг зэсийн баяжмал буухиалан авч байна. PDAC-ийн үеийн Монголтой холбогдох уулзалтууд дээр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын тодорхой хувийг уул уурхайн биржээр арилжих тухай мэдээллийн мөрөөр арилжаанд хэрхэн оролцох, арилжаа явагдах механизмыг сонирхогчид цөөнгүй байсан юм. Уул уурхайн биржээр арилжаалагдаж буй нүүрс, төмрийн хүдэр, жоншны хувьд хоёр хөршийн голдуу компаниуд оролцож ирсэн бол зэсийн арилжаанд ямар улс орнууд, ямар худалдан авагчид оролцох нь ихээхэн сонирхолтой юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд оффтэйк гэрээнүүдийн хугацаа дууссаны дараа бүтээгдэхүүнээ бүгдийг биржээр борлуулна гэсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Биржийн арилжаа амжилттай явагдаж, улмаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний арилжаа бүхэлдээ биржээр дамждаг болох аваас “Эрдэнэт үйлдвэр” тойрсон авлига хээл хахуултай холбоотой хардлага сэрдлэг цэгцлэгдэх юм. Уул уурхайн биржийн арилжаа явагдаж эхэлснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын түүхий эдийн худалдааны зарим мэдээллүүд ил тод болж эхэлснийг уул уурхайн оролцогч бусад талуудын хувьд таатайгаар хүлээн авч байгаа. Тиймээс эрдэс баялгийн салбарын ил тод байдалд биржийн арилжаа чухал үүрэгтэй.