Б.Анар: Хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгаж байгаа

ТОДРУУЛГА

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анартай хөрөнгө оруулалтын талаар Mining Insight-ийн Э.Мишээл ярилцлаа.

Монгол Улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар салбарт хөрөнгө оруулах шаардлагатай байна вэ?

Монгол Улсад 1990-2023 оны байдлаар нийт 42.4 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Өнгөрсөн 2005-2010 онд жилд дунджаар 27 хувийн өсөлттэй байсан гэж хэлж болно. Харин Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой, түүнийг дагасан бусад хөрөнгө оруулагчийн эерэг хандлагаар 2011 болон 2012 онд Монгол Улсад орж ирсэн ГШХО хэмжээ жилд 5 тэрбум ам.доллар хүрсэн нь оргил үе юм. Гэвч хууль эрх зүйн орчинтой холбоотой хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аудит, банк зэрэг 20 гаруй салбарт хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлан хориглож хязгаарлалтыг хавтгайруулан тогтоосон. Түүнээс гадна 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, 2015 онд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ хууль үндсэндээ уул уурхай болон бусад салбарт хөрөнгө оруулалтыг түгжсэн хууль байсан. Сүүлийн 10 жилийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг “Оюутолгой” төсөл дангаар бүрдүүлж байна. 

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн ГШХО-ыг авч үзвэл уул уурхайн салбар 73 хувь, үйлчилгээний салбар 11 орчим хувь, санхүү, даатгал 4 хувь, бусад салбар 13 орчим хувийг эзэлж байна. Эдийн засагт үзүүлж буй нөлөөг авч үзвэл улсын төсвийн 25-30 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Эдгээр компанийн охин компаниудыг оролцуулан тооцвол татварын орлогын 50 хувийг бүрдүүлж байна. 

Өнгөрсөн онд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж үйл ажиллагаа нь илүү өргөн хүрээнд эрчимжсэн нь эдийн засагт эерэг нөлөөтэй байна. Манай Засгийн газар Оюутолгой шиг мега төслүүдийг эхлүүлж, эдийн засгаа тэлэх нь чухал байна. Тухайлбал Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшиж буй “ЗөөвчОвоо” ураны ордын төсөл байна. Тус төслийн нийт хугацаанд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар, стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм. Уул уурхай бол хөрөнгө оруулалт татаж байгаа гол салбар. Бидэнд зэс баяжуулах, төмрийн хүдэр баяжуулах, арвижуулсан ган гаргах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах боломж болон түүхий эдийн нөөц байна. Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, нэг салбараас хэтэрхий их хамааралтай байх нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Иймд эдийн засгийг төрөлжүүлж бусад салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, чөлөөт бүс зэрэг салбаруудыг хөгжүүлэх бүрэн боломж байгаагаас гадна уул уурхайн салбарын боловсруулалтын шатыг ахиулж чадвал ДНБ-д оруулах хувь нэмэр тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Жишээ нь зэсийг анод, катодоор боловсруулах жижиг хэмжээний үйлдвэрүүдийг байгуулж экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой болно. 

Уул уурхайн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ хэвийн байхад баяжмалын үнэ унах тохиолдол байдаг. Тэгэхээр түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамаарсан эдийн засгийг багасгахын тулд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай байна. Монгол Улсын валютын нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэсэн гол газрууд бүрдүүлдэг. Ирэх жилээс Оюутолгой төслийн оруулж буй шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурах ч экспортын гадаад валютын орох урсгал тодорхой хэмжээнд байна. Улс орны хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт тэргүүлэх хэмжээнд байдаг. Иймд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг бууруулахгүй байж нэмэгдүүлэх нь чухал байна. ДНБ-ийг бүрдүүлдэг хэд хэдэн хүчин зүйл бий. Түүнээс өрхийн хэрэглээний өсөлт хамгийн бага савлагаатай буюу мэдрэг байдал бага байдаг. Харин экспортын өсөлт эсрэгээрээ савлагаа өндөр. Цар тахлын үеэр экспорт бараг зогсож гадаад валютын орох урсгал багасаж, валютын нөөцөө шавхаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гадагш урсгал орох урсгалаас давсан. Бас нэгэн жишээ дурдвал 2012 онд экспортын хэмжээ нэмэгдэж эхлэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг ойшоохгүй байдал гарсан. Үүнээс болж сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй байна. Иймээс бид илүү нээлттэй байж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг тогтвортой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах чиглэлээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бизнесийн орчин тодорхойгүй, байнга өөрчлөгддөг улсад ямар ч хөрөнгө оруулагч эрсдэл хүлээж орж ирэхгүй. 

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд хууль эрх зүйн орчин болон бодлогын ямар таатай нөхцөлүүдийг бий болгохоор ажиллаж байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь хэр тодорхой, ойлгомжтой вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгдөг. Хөрөнгө оруулалт болон худалдаа нь хоорондоо салшгүй хамааралтай байдаг. Эдийн засаг, хөгжлийн яамнаас гадаад худалдааны таатай орчин бий болгож, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд хийж буй нэг томоохон ажил нь Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар ажиллаж байгаа. Тус хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс ОХУ руу хөдөө аж ахуйн 400 гаруй бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах болон гаалийн хөнгөвчилсөн нөхцөл бүрдэх юм. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг эхний шатанд хэлэлцсэн. Хэрэв сонгуулиас хамааран саатахгүй бол энэ оны эхний улиралд хэлэлцээрийг эцэслэхээр ажиллаж байна. Эхний шатны хэлэлцээрээр Солонгосын тал газрын ховор элементийг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Манай талаас уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг хэрхэн бууруулах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах тал дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 800 гаруй бараа бүтээгдэхүүн хамаарахаар байгаа. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн нэг бүлэгт нь хөрөнгө оруулалтын хамгаалалтын асуудал тусгагддаг. Ингэснээр БНСУ-аас томоохон хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-аас Монгол Улсад чөлөөт худалдааны гэрээ байгуулах саналыг тавьсан. Импортын эцсийн бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар төлдөг. Энэ нь бага татвар. Гэвч экспортын боловсруулаагүй бүтээгдэхүүнд манай улс өндөр татвар төлдөг. Чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар энэ татвар буурна. Түүнчлэн тарифын бус саад буюу квот гэж тогтоодог. Ялангуяа малын өвчинтэй холбоотой хязгаарлалтууд байдаг. Иймээс БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулж Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зардлыг бууруулах алхмыг бид хийх хэрэгтэй байна. 

Манай улсын бүхий л салбар төрийн оролцоотой. Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс чөлөөт зах зээл буюу салбаруудыг либералчлахыг дэмжиж байгаа. Зам тээврийн салбарт УБТЗ ХНН ачаа барааг хямд тээвэрлэдэг ч хувийн хэвшил өндөр үнээр тээвэрлэж болдог. Эндээс төр оролцсоноор зах зээлийн гажуудлыг үүсгэж бараа, үйлчилгээний үнэ зах зээлээс биш төр засгаас хамааран тогтоод байсан юм. Үүнийг цэгцлэх ажил хийгдэж байна. Агаарын тээврийн салбарт сүүлийн жилд хийгдсэн өөрчлөлт, арга хэмжээнээс харвал эдийн засгийн багтаамж нэмэгдсэн. Энэ салбарт бусад компаниудыг оруулж ирснээр өрсөлдөөн бий болж “МИАТ” ТӨХК ашигтай ажиллаж эхэлсэн. Өмнө нь Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 14 нислэг үйлдэгддэг байсан бол одоо 53 орчим нислэгтэй болсон. Дараагийн дурдах салбар бол эрчим хүчний салбар. Цахилгаан, дулааны тарифыг төрөөс тогтоодгийг бид бүхэн мэднэ. Үүнээс болж “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК нүүрсээ хямд үнээр нийлүүлж ирлээ. Зах зээлийн үнээр бус хямд үнээр нийлүүлснээс болж энэ алдагдлыг өөр газар хүлээдэг. Эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээл рүү шилжүүлж хувийн хэвшлийнхэн орж ирэх боломжийг бүрдүүлснээр өрсөлдөөн бий болж зах зээлийн зарчмаараа үнэ тогтоно. Төр заавал станц барих шаардлагагүй болно. Ингэснээр энэ салбар төрөөс хараат бус болж хөгжих боломжтой юм. Бид энэ суурь нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бизнесийн эрх зүйн орчныг зохицуулж буй Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж, Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтарч хуулийн хэрэгжилтийн түвшинд төрийн бүх шатны байгууллагаас олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахим тогтолцоонд шилжүүлэх ажил хийгдэж байна.

Эдийн засгийн, хөгжлийн яамыг шинээр байгуулснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт татахад ямар ахиц бодлогын түвшинд гарсан бэ?

Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчийн санал хүсэлт гомдол гаргах, хүлээн авч шийдвэрлэх тогтолцоо бүрдээгүй, эрх ашгийг нь хамгаалах газаргүй явж ирсэн нь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татах, Монгол Улсаас гарах нэг шалтгаан болсоор ирсэн. Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч ажиллаж байна. Бид төртэй үүссэн маргааныг судлаад, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанд танилцуулан, хяналт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоолоор сэргээгдэх эрчим хүч, уул уурхай болон бусад чиглэлд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай 32 аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мөн 2023 оны 160 болон 413 дугаар тогтоолуудаар уул уурхай, газрын тос, хүнс, аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлыг судалж, хуулийн дагуу шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгож 15 гомдлыг бүрэн шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг хүлээж авдаг болсон нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг. Нөгөөтээгүүр төрийн байгууллагуудын хүнд суртал, уялдаа холбоогүй байдлыг бууруулж байгаа арга хэмжээ юм. Мөн хөрөнгө оруулалт татах, сурталчлах, дэмжих, хамгаалах, хөрөнгө оруулагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр онцлох ямар зохицуулалтууд туссан гэж үзэж байгаа вэ?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд онцлох өөрчлөлтүүдээс дурдвал хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгаж, хөрөнгө оруулагч хүсвэл Монгол Улсын шүүхээр бус арбитр руу хандах эрхийг баталгаажуулах зохицуулалтуудыг тусгасан. Мөн хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх бүлэг орсон. Ингэснээр ганц хүн суугаад асуудлыг шийддэг бус олуулаа ярилцаж хөрөнгө оруулагчийн зөв байсан уу, Засгийн газрын зөв байсан уу гэдгийг хэлэлцэх боломжтой болно. Хэрэв хөрөнгө оруулагч хохирсон бол Засгийн газарт зөвлөмжийг хүргүүлж, арга хэмжээ авч шийдвэр гаргана.

Майнинг Инсайт Сэтгүүл, Хоёрдугаар сар, 2024 №2 (027)