Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Аравдугаар сарын эхний долоо хоногт Монголын уул уурхайнхан чуулах гэж байна. Mining Week2024 нэрийн дор Тайж хайрхны бэлд. Уул уурхайнхны чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч нисдэг тэрэг хөлөглөн буух ба гурван Шадар сайд гурвуулаа очих хөтөлбөр гарчээ. Тэгвэл уул уурхайн салбарынхны их цугларалт дээр Засгийн газар томоохон “бэлэг” бэлдэж байгаа бололтой. Тэрхүү бэлэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын мөрөөр гарах жагсаалт юм. Өөрөөр хэлбэл, стратегийн ордод зарим ордыг нэмж бүртгэх тухай жагсаалт гарах нь.
Засгийн газрын ээлжит хуралдаан (2024.09.25)-аар "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталсан. Тогтоолын үзэл санаа нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай юм. Уг тогтоолыг Mining Insight шинэ дугаартаа нийтэллээ. Тодруулбал, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын 16 ордын тоо нэмэгдэж магадгүй байна. Тогтоол гарах үе буюу 2007 онд нээгдээгүй байсан ордуудыг стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан 27 дугаар тогтоолын үзэл санаа ийнхүү 17 жилийн дараа хэрэгжих нь байна. 2007 оноос хойш хэрэгжээгүй энэ бодлого өнөөдөр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор амилан сэргэв.
Салбарын яаманд үүрэг өгч, шинээр нөөц орж ирсэн бүх ордын мэдээллийг аваад, тэндээсээ Засгийн газар нэг жагсаалт гаргаад, аль нэг ордыг шинээр стратегийн ордод нэмээд явах нь. Өнгөрсөн 17 жилд үе үе ийм жагсаалтыг Салбарын яамаар Засгийн газар гаргуулж байсан удаатай. Хамгийн сүүлд буюу тодруулбал, 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа УУХҮЯ-д ийм жагсаалт гаргах үүргийг Засгийн газраас өгч байсан юм. Тэрхүү даалгаврын дагуу Стратегийн ордод шинээр нэмж бүртгэх боломжтой гэж үзсэн ордуудын жагсаалтыг Mining Insight сэтгүүл шинэ дугаартаа нийтэлж байна. Эдгээр нь 2019 оны байдлаар 2007 оноос хойш нөөцийг нь нарийвчлан тогтоосон, стратегийн ордод хамааруулахаар шинээр санал болгосон нэр бүхий ордуудын мэдээлэл юм. 2024 оны байдлаар жагсаалт яаж шинэчлэгдэхийг тааварлашгүй. Энэ жагсаалтыг нийтэлж буй шалтгаан нь стратегийн ордод шинээр бүртгэх шалгуурыг юуны өмнө маш тодорхой, зөрчилгүй, бас шударга болгоосой гэснийх юм.
Одоогийн хууль эрх зүйн орчинд байгаа стратегийн ордын тодорхойлолт нь маш асуудалтай. “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэх тодорхойлолт Ашигт малтмалын тухай хуульд бий. Яг энэ шалгуураар стратегийн ордод шинээр бүртгэгдэх орд маш цөөн. Стратегийн 16 орд, түүний араас нэр дэвшиж байсан 39 орд, 2019 онд шинээр гаргасан жагсаалтад багтсан ордуудаас ганц хоёроос бусад нь энэ шалгуурт бүдэрнэ. 2007 онд стратегийн ордод бүртгэсэн гол шалгуур нь тогтоогдсон нөөцийн хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэх байв. Тиймээс жагсаалт гаргахаас өмнө стратегийн ордод бүртгэх шалгуурыг тодорхой болгоосой, тэрхүү шалгуур гаргах үндэслэл дээр мэргэжлийн хүмүүс ул үндэстэй ухаалаг санал шүүмж өрнүүлж зөв шийдэл гаргаасай гэсэндээ 2019 онд гаргаж байсан жагсаалтыг Mining Insight дэлгэв. Нөгөө талаар стратегийн ордын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Засгийн энэ бодлогыг зөвхөн өнөөдрийг харсан алхам гэж хэлж болох юм.
Уул уурхайн ордтой улс төрд нөлөө бүхий бүлэглэлийг дарж авах, уул уурхайг цэгцэлсэн нэрийн дор олон нийтэд таалагдаж, сонгуулиа баталгаажуулах, цаашлаад уул уурхайд төр оролцсоноор бүх орлогыг хянаж чадна хэмээн зөвхөн өнөөдрийн улс төрөө харах нь өрөөсгөл хэрэг. Энэ бодлогыг “эвгүй” хэрэгжүүлбэл цаана нь ирээдүйн уул уурхай гэж байхгүй болно. Энэ нь уул уурхайд хувийн хэвшил гэж байхгүй, гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг. Хувийн хэвшил болон гадны хөрөнгө оруулалт үгүй бол хайгуул хийгдэхгүй, хайгуул хийгдэхгүй болохоор шинэ орд нээгдэхгүй. Ингэж хэлж буй нь уул уурхай дахь төрийн оролцоог үгүйсгэх гэсэн хэрэг биш юм. Гол нь ингэж савлах аюултай. Хэт муйхарлаж байж асар том эсэргүүцэл үүсгэх вий. Эргээд төрд ямар ч орд байх ёсгүй, бүгдийг заръя гэх савлагааг өдөөх талтайг бодолцож ухаалаг шийдвэр гаргаасай хэмээн Mining Insight шинэ дугаараа зориуллаа.