Хятад ашигт малтмалын чиглэлээр 19 улсад 57 тэрбум $-ын зээл олгожээ

Сүүлийн хорин жилд Хятад улс төрийн дэмжлэгтэй санхүүгийн дор хаяж 26 байгууллагын сүлжээгээр дамжуулан дэлхийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын хяналтаа системтэйгээр өргөжүүлж байна гэж  АНУ-ын Уильям, Мэригийн коллежийн AidData-аас эмхэтгэсэн тайланд дурджээ. Тайланд өгүүлснээр, дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд давамгай байдал тогтоохын тулд Хятад улс санхүүгийн системийг ашиглаж байна. Энэ нь зэс, кобальт, никел, лити, газрын ховор элемент, металл гэх мэт цахилгаан машины батарей, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн шинэ технологиудын амин чухал ашигт малтмалууд юм.  

2000-2021 онд Хятадын санхүүгийн байгууллагууд бага, дунд орлоготой 19 улсад бараг 57 тэрбум ам.долларын зээл олгосон талаар тайланд тэмдэглэжээ. Хятад улс валютын асар их нөөцөө ашиглан байгалийн баялаг ихтэй улс орнуудын стратегийн ашигт малтмалын ордуудад урт хугацааны хяналт тогтоосон бөгөөд Конго, Перугийн зэс, кобальт, мөн Индонезийн никель, Аргентины литийн төслүүдийг жишээ болгон авч үзсэн байна.    

Хятадын энэхүү хөрөнгө оруулалтын 75 гаруй хувь нь голчлон хамтарсан аж ахуйн нэгж болон тусгай зориулалтын компаниар (SPVs) хэлбэрээр хийгдсэн. Ингэхдээ гэрээнүүд нь тус улсын компаниуд олборлох, боловсруулахад чухал нөлөө үзүүлдэг хэмээн өгүүлжээ. 

Мөн тайланд, БНХАУ-ын уул уурхайн санхүүжилтийн стратеги болон "Бүс ба Зам" санаачилга хоёрын гол ялгааг онцолсон байна. Хятадын хөгжлийн банкнуудын сонгосон бүлэгт ихэвчлэн  "Бүс ба Зам" санаачилгын зээл олгогддог бол  уул уурхайн санхүүжилт нь зээлдэгчдийн өргөн сүлжээг хамардаг гэнэ. Уул уурхайн санхүүгийн харилцаанд Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк, Bank of China болон Citic оролцдог. Энэ төрлийн санхүүжилт үе шаттай, багц зээл дээр тулгуурладаг нь урт хугацааны үүрэг, амлалтыг харуулж буй гэж тайланд тэмдэглэжээ.