ЗТХ-ийн сайд С.Бямбацогт салбарын талаарх мэдээлэл хийлээ. Тэрээр “Гашуунсухайт-Ганцмод боомтоор холбох төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн. Энэ ажлыг “Чайна Энержи” компани хэрэгжүүлж байна. 2023 оны эхний улиралд багтаж ТЭЗҮ бэлэн болно. Хоёр улсын боомтоор холбох төмөр замыг ямар төсөв өртөгтэй барих нь тухайн үедээ тодорхой болно. Хил дээр өргөн, нарийн царигаар төмөр зам тавина. Өргөн царигаар экспортын бүтээгдэхүүнээ гаргаж, нарийн царигаар импортын ачаагаа авна.
Цаашид манай улсын төмөр замын салбарт төрийн 3 компани үйл ажиллагаа явуулна. Энэ нь Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам”ХХК юм
Шинэ төмөр замууд, хөдлөх бүрэлдэхүүний тээврүүдийг төрийн нэгдсэн бодлого, хуулиар зохицуулах шаардлага байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр “Монголын төмөр зам”, ЗТХЯ дээр “Улаанбаатар төмөр зам” болон “Зүүнбаян төмөр зам” гэх мэт бодлогын уялдаа холбоогүй байсан бол үндсэндээ ЗТХ-ийн сайдын бодлого доор төмөр замуудын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани байдлаар “Тавантолгой төмөр зам” үйл ажиллагаа явуулна. “Зүүнбаян төмөр зам” компанийн ажил үүрэг давхардсан тул татан буулгасан” гэлээ.
Засгийн газрын (2022.12.07)хуралдаанаар Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авна.
Боомтын сэргэлтийн хүрээнд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудыг барьж байгуулан боомттай холбосноор тус төмөр замуудаар тээвэрлэлт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрш орны боомтуудтай холбож хил дамнасан төмөр замаар холбох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүсээд байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чухал ач холбогдолтой.