Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд Teck Resources, Glencore-ийн хоорондын өнөөгийн тэмцлийн үр дүн энэ сарын 26-нд болох Teck-ийн хувьцаа эзэмшигчдийн санал хураах хурлаар тодорхой болно.
Швейцарын түүхий эдийн худалдааны Glencore нь 23 тэрбум ам.доллароор Канадын уул уурхайн Teck Resources-ийг худалдаж авах, нэгдэн нийлэх “албан бус” саналаас анх энэхүү үйл явц эхэсэн. Нэгдэх юм бол Teck-ийн хувьцаа эзэмшигчдэд геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн Ванкуверт төвтэй компани мэдэгдсэнээр тус компанийн удирдлагууд татгалзаж буйгаа илэрхийлсэн юм. Томоохон хувьцаа эзэмшигчид Teck-ийг ямар ч үнээр Glencore-д худалдахгүй гэж мэдэгдсэн.
Гэхдээ Glencore саналаасаа татгалзах төлөвгүй байгаа бөгөөд нөхцөл байдал өөрсдийнх нь талд өөрчлөгдөх хандлага бий болж байна. Teck-ийн зарим хувьцаа эзэмшигчдийн санаа хувирах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Teck-ийн тухайд зэс, цайр зэрэг металлын бизнест анхаарахын тулд үндсэн нүүрсний бизнесээ тусад нь явуулахаар төлөвлөж, ингэхдээ Teck Metals болон Elk Valley Resources гэсэн охин компаниудыг байгуулж үйл ажиллагаагаа хуваах стратеги боловсруулж байна. Харин Glencore-ийн хувьд GlenTeck нэртэй металлын аварга компани болон нүүрсний томоохон групп бий болгохоор эрмэлзэж буй.
Гэрэл зураг: Glencore-ийн Гүйцэтгэх захирал Гэри Нэгл болон Teck-ийн Гүйцэтгэх захирал Жонатан Прайс нар
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт (2023.04.13) Glencore компанийн Гүйцэтгэх захирал Гэри Нэгл Канадын Торонтой хотноо хүрэлцэн иржээ. Тэрээр баасан гаригт өгсөн ярилцлагадаа “Бид хамтран ажиллахад бэлэн байна. Хэрэв Жонатан Прайс захирал уулзана гэвэл би дэлхийн хаана ч хамаагүй уулзана" хэмээжээ. Glencore-ийн Нэгл захирал Торонто хотод ирснээсээ хойш Teck-ийн 120 орчим хувьцаа эзэмшигчидтэй уулзаад буй аж. Энэ хугацаанд Teck-ийн Гүйцэтгэх захирал Жонатан мэдэгдэлдээ 23 тэрбум ам.доллароор худалдан авах гэсэн Glencore-ийн зорилго "бүтэлгүйтсэн"-ийг зарлаж, өрсөлдөгчийнхөө хээл хахууль авч буйг шүүмжилжээ.
Торонтогийн хөрөнгийн бирж дээр Teck Resources компанийн хувьцаа 1.8 хувиар өсөж 58.86 канад долларын үнэд хүрчээ.
Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд гол үүрэг гүйцэтгэх металлын эрэлтээс үүдэлтэй уул уурхайн салбарт томоохон компаниуд нэгдэн нийлэх, “залгих” үйл явц эрчимжсэний нэг жишээ Teck, Glencore юм.
Teck-ийн зэсийн уурхайнууд бүхий хөрөнгө нь BHP, Rio Tinto зэрэг хэд хэдэн тэргүүлэх уул уурхайн компаниудын сонирхлыг татдаг.
3 Сэтгэгдэл