Дэлхий дахинаа хиймэл оюун ухаан өдрөөр бус цагаар хувьсан хөгжиж, тэр хэрээр шинэ боломжуудыг нээсээр байна. Ийм тэсрэлт, шилжилтэд Монгол Улсын эрдэс баялгийн салбар бэлэн үү. Хэрэв багагүй хугацаанд судалж, чамгүй хөрөнгө санхүү зохицуулан яг одоо технологийн шийдэлд хөрөнгө оруулах гэж буй уул уурхайн компаниуд байвал наашаа анхаарлаа хандуулна уу. Уурхайн дижитал шилжилтийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолуур, юмсын интернет зэрэг технологиуд хүч түрэн гарч ирснээр уул уурхайн программ хангамжийн үнэ буурч байгаа төдийгүй заавал худалдаж авахгүйгээр түрээслэн ашиглах боломжтой болжээ. Эдгээр шийдлүүдийг танилцуулсан “Digitalization in Mining” технологийн арга хэмжээ Улаанбаатар хотноо (2023.04.21) зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Австралийн технологийн компаниуд оролцож уурхайд нэвтрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан технологиудаа танилцуулсан юм. Монголын эрдэс баялгийн салбарт хиймэл оюун ухаан, үүлэн тооцоололд суурилсан технологийг нэвтрүүлэх ач холбогдол, давуу талын тухай “Digitalization in Mining” арга хэмжээг зохион байгуулагч “Ай Ти Экспертс ХХК” компанийн захирал А.Мөнхбадралтай ярилцлаа.
Ярилцлагын эхэнд Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу?
Би мэдээлэл технологийн мэргэжилтэй. Миний хувьд Австралийн технологийн компанид, тэр дундаа уул уурхайн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр 20 орчим жил ажиллаж байна. “Айвенхоу Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд Монголд асар том зэс профирын Оюутолгойн ордын нээн илрүүлснээ дэлхий дахинд зарласнаар Монголын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгч компаниуд ихээр сонирхож, Монголд салбараа нээхийг эрмэлзэх болсон. Эдгээр компаниудын нэг болох 40 жилийн түүхтэй Австралийн уул уурхайн технологийн тэргүүлэгч “Maptek Pty Ltd" компанийн Монгол дах төлөөлөгчөөр би сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна.
“Maptek” компани Монголд ямар туршлагатай вэ?
Тус компанийн шийдлүүдийг Оюутолгой, Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон компаниуд уурхай үйл ажиллагаандаа ашиглаж байна. Жишээ нь Оюутолгой, Эрдэнэтийн ордын нөөцийг Maptek Vulcan программаар загварчлан тооцоолсон. Maptek компанийн олон шийдлүүдийг Оюутолгойн уурхайд өдөр тутам цаг минут бүр ашиглагдаж байна. Нөөцийн тооцоолол, зэсийн агууламжийн хяналт, далд уурхайн ажиллаж буй ажилтан, машин техникийн байршлыг нарийн тодорхойлж осол гарахаас сэргийлэх систем, маркшейдерийн өдөр тутмын хэмжилт гэх мэт. Оюутолгой төслийг асар том технологийн төсөл гэж ойлгож болно. Гадаадын хөрөнгө оруулалтын ам.доллар болгоны цаана инноваци, дэвшил заавал үлдэж байдаг.
Rio Tinto групп дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийн шийдлүүдийг Оюутолгой уурхайдаа нэвтрүүлсэн. Үр дүнтэй байвал цаашид бусад уурхайдаа нэвтрүүлнэ гэсэн. Энэ утгаараа Оюутолгойн төсөл Rio Tinto-ын технологийн R&D төв болоод байна. Жишээ нь одоо Оюутолгойд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан уурхайн үйл ажиллагааг бүхлээр нь хянах Plantir системийг нэвтрүүлж байна.
Монголын уул уурхайд хиймэл оюун ухаан суурилсан технологийг ашиглах давуу тал, ач холбогдлыг Та тайлбарлахгүй юу?
Аливаа уурхайн техник, тоног төхөөрөмж асар их хэмжээний олон төрлийн өгөгдөл үүсгэдэг. Тэр асар их хэмжээний өгөгдлийг хүлээн авч уламжлалт аргаар боловсруулна гэвэл бүтэхгүй. Агаарын хэм, машин ашиглалтын цаг, дугуйны эргэлт, хүдэр тээвэрлэх зай, уурхайн ханын налуугийн хэм, ажиллах хүчин, уурхайн агааржуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал гээд олон төрлийн асар их мэдээллийг нэгтгэж, хамгийн оновчтой нөхцөлт тооцооллыг хиймэл оюун ухаанд суурилсан технологиор богино хугацаанд гаргах боломжтой юм. Жишээ нь Google-ийн хайлтын систем бидний асуусан мэдээлэлтэй холбоотой олон тооны илэрцийг гаргаж ирдэг бол хиймэл оюун ухаанд суурилсан Chat Gpt аппликейшн нь хамгийн оновчтой ганц хариултыг гаргаж чадаж буйгаараа ялгаатай.
Өдгөө IOT буюу юмсын интернет технологид суурилсан Сonnected уурхайд тоног төхөөрөмжүүд хүний оролцоогүйгээр мэдээллээ интернет сүлжээгээр дамжуулж, эргүүлээд даалгавар авч ажиллаж байна. Эдгээр технологийг ашиглах үндсэн нөхцөл бол дэд бүтэц юм. Нөхцөл бүрдэхэд технологийн хөгжил шинэ шатанд ахидаг. Хэдхэн жилийн өмнө уурхайн үйл ажиллагааг алсын зайнаас дэлгэцээр хянаж, удирддаг технологийг нэвтрүүлэхэд сансрын хиймэл дагуулын интернэт суурилуулах, шилэн кабель татах гээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа. Их хэмжээний өгөгдлийн мэдээллийг боловсруулахад өндөр хүчин чадалтай компьютер, серверүүд худалдан авах, IT-ийн олон тооны мэргэжилтэн авч ажиллуулах шаардлага гардаг байсан. Тэгвэл өнөөдөр хиймэл оюун ухаанд суурилсан үүлэн тооцоолол, 5G технологи, өндөр хүчин чадалтай GPU буюу график картууд гарч ирснээр хиймэл оюун ухаан ашиглан хэдхэн хормын дотор асар их мэдээллийг хямд зардлаар боловсруулах боломжтой болоод байна.
Үүрэн холбооны 5G, сансрын холбооны нам орбитын хиймэл дагуулын интернет (Starlink) нэвтэрснээр Монголын уул уурхайн салбарт бага зардлаар дижитал шилжилт хийх дэд бүтэц бүрдээд байна.
“Digitalization in Mining” өдөрлөгийг зохион байгуулах сэдэл, санаачилга юунаас эхэлсэн бэ?
КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нь цахим шилжилтийн үйл явцыг түргэтгэсэн гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор олон улсад уул уурхайн салбарт хэрхэн цахим шилжилт хийх талаар томоохон хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Би цөөнгүй хэдэд нь оролцож илтгэлүүд сонслоо. Эндээс нэг зүйлийг ойлгож, олж харсан нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиудыг Монгол Улс уул уурхайн салбартаа ашиглаж экспортын орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ийм учир Улаанбаатар хотноо “Digitalization in Mining” арга хэмжээг зохион байгуулахаар шийдсэн. Уул уурхайн хөгжлөөр тэргүүлэгч улс Австралийн технологийн компаниудыг Монголд урьж, хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг хэрхэн нэвтрүүлсэн, нутагшуулсан туршлагаас танилцуулахыг зорьсон юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кейти Смит дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Австралиас хэчнээн компани оролцсон бэ? Ер нь арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн хандлага ямар байв?
Австралийн технологийн 4 компани хүрэлцэн ирсэн. Maptek, Domain MCF, Petra Data Since, Blast Logic компаниудаас гадна Арабын Эмират улсын их сургууль, ШУТИС-ийн доктор судлаач нар оролцож өөрсдийн судалгааны ажиллаа танилцууллаа. Мэдээж ганц өдрийн арга хэмжээгээр энэ бүх технологийг ярьж чадахгүй. Австралийн уул уурхайн технологийн түвшнийг тодорхой хэмжээнд тольдохуйц. Мөн Дэлхийн уул уурхайн салбар дахь дижитал шилжилтийн чиг хандлагын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж чадсан гэж бодож байна.
Арга хэмжээний талаар зочдын сэтгэгдэл өндөр байна. “Digitalization in Mining” нь цаг үеэ олсон арга хэмжээ гэдгийг илэрхийлж байсан. Австралийн ЭСЯ, уул уурхайн 26 компани, ШУТИС болон Монгол-Германы ТИС-ийн удирдлагууд гээд нийт 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Танилцуулагдсан технологиудын онцлогоос сонирхуулбал?
Үүлэн тооцоолол буюу cloud computing, хиймэл оюун ухаан, машин сургалт, IOT технологиудыг онцолсон. Эдгээр технологи уул уурхайн салбарт хэр хэмжээнд нэвтрээд буйг бид харуулахыг эрмэлзлээ.
Үүлэн технологийг ашиглаад Улаанбаатар хотоос, орон нутгаас, өр хаанаас ч уурхайг дэргэд нь мэт харж, дата мэдээллийг нэгэн зэрэг олон хүн ашиглах боломжийг Digital twin технологийг танилцуулсан. Дата мэдээлэл, уурхайн 3-н хэмжээст загварчлал нь зөвхөн уурхайн инженерийн ажлын компьютер дээр байдаг эд биш болсон. Үүлэн технологид байршуулж ямар нэгэн программ ашиглахгүйгээр веб платформоор дата мэдээлэл рүү нэвтрэх, үзэх, тооцоолж ч болно.
Мөн, ордын нөөцийг 5-10 минутад тооцоолох боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан “Domain MCF” шийдлийг танилцууллаа. Өмнө нь бүхэл бүтэн Геологийн хэлтэс олон үе шаттайгаар ордын нөөцийг тооцолцдог ажлыг “Digitalization in Mining” арга хэмжээний үеэр нэг жишээн дээр боловсруулж хэдхэн минутад дүнг гаргаж үзүүлсэн. Жишээ ордын хамгийн үр ашигтай, өндөр агуулгатай нөөцийг тогтооно гэсэн үг. Энэ бол гайхамшиг биш. Тооцоолох аргачлал нь адил. Ялгаатай өндөр хүчин чадалтай GPU болон үүлэн технологиудыг ашиглаж богино хугацаанд мэдээллийг боловсруулж байгаа юм.
Дэвшилтэд технологийг худалдаж авах хөрөнгө санхүүгийн чадамж жижиг компаниудад хүндрэлтэй байдаг шүү дээ?
Яг л ийм компаниудад зориулсан технологийн бүтээгдэхүүнүүд гэдгээрээ онцлог. Үнэтэй программ, аппликейшн худалдаж авах шаардлагагүй. Түрээсээр буюу үүлэн тооцооллыг ашиглах юм. Оюутолгойн төсөлд ашиглагддаг дэвшилтэд технологиуд, программ хангамж нь мэдээж уул уурхайн бусад компаниудад ч хэрэгтэй. Гагцхүү төслийн том жижгээс хамаарч, ашиглах хэрэгцээ шаардлага нь Оюутолгойгоос бага. Тэгэхээр бусад компаниуд зөвхөн хэрэгцээтэй үедээ тодорхой цагаар түрээсээр технологийн шийдлүүдийг хэрэглэх боломж бий болсон гэж ойлгож болно.
Мэдээллийн өгөгдлийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг бол?
Мэдээллийн цаана хүн биш машин ажиллаж байгаа. Бидний илгээх мэдээлэл бол машины хувьд тоо, эсвэл код юм. Машин бол мэдээллийг боловсруулж тооцоолох үүрэгтэй. Банкны аппликэйшнтэй яг адил. Өнөөдөр дэлхийд үндсэндээ үүлэн тооцооллын 2 платформ ашиглаж байна. Майкрософт компанийн Azure, нөгөө нь Амазон компанийн AWS юм. Аюулгүйн өндөр хамгаалалттай, нүсэр хүчин чадалтай серверүүдийн үүлэн тооцооллыг бий болгосон нь эд. Эдгээрийг ашиглаад технологийн компаниуд аппликэйшн, программ хангамж бүтээж байна.
Дэлхийн хиймэл оюун ухааны өнөөгийн хөгжил, чиг хандлагын тухайд?
“Open AI” компани бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш маш олон асуултууд гарч ирсэн.
Tesla-ийн Элон Маск “Дэлхийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг 6 сар түр зогсоох товчийг дарж бол хүн төрөлхтөн хэрхэн ашиглах талаар бодлого бодлогоо гаргах шаардлагатай байна" гэж хэлсэн байдаг. Асар хурдтай хувьсаж буй хөгжилд зохицох бусад бүтээгдэхүүнүүдийг бий болгох хэрэгцээ шаардлага тулгараад буй хэрэг.
2017 онд үүсгэн байгуулагдсан “Open AI” стартапыг Майкрософт компани худалдан авч хиймэл оюун ухааны технологиудыг хөгжүүлж байна. “Open AI” нь анх хиймэл оюун ухаанд суурилсан чат аппликейшн хөгжүүлж танигдсан стартап компани юм.
Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр, магадгүй уул уурхайн салбарт дижитал шилжилт хийгдсэнээр хүний оролцоотой ажлын байр үгүй болно гэсэн түгээмэл ойлголт бий?
Хүн ажилгүй болохгүй. Харин хиймэл оюун ухаанд суурилсан технологийг мэдээгүй, суралцаагүй, ашиглаагүй байснаараа ажилгүй болно. Товчхондоо ирээдүйд өндөр бүтээмжтэй ажилладаг хүмүүсийн өрсөлдөөн бий болно. Ийм мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэнэ. Хиймэл оюун ухаан суурилсан технологиудыг ашигласнаар тухайн мэргэжилтэн үр дүнтэй, богино хугацаанд ажиллах боломжтой. Харин уул уурхайн компаниудад бага зардалтай, өндөр бүтээмжтэй.
Ярилцсанд баярлалаа.